Авто тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ
Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. ҮСХ-ны мэдээлэлд 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт ногдож байна. 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Гэвч өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг автозамын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм.
Мөн энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн автозамын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцууллаа. Эцсийн шийдвэрийг энэ сарын 25-нд товлогдсон нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн авто тээврийн хэрэгслийн өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг хэлэлцэв. Төсөлд албан татварын хэмжээг дараах байдлаар ногдуулахаар тусгажээ.
№ | Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ | Жилд ногдуулах албан татварын хэмжээ ₮ |
Мотоцикль /2 дугуйтай/ | 2500 | |
Мотоцикль /3 дугуйтай/ | 4000 | |
Суудлын автомашин: – 2001 см3 хүртэл – 2001-3001 см3 хүртэл – 3001 см3 болон түүнээс дээш | Цилиндрйн багтаамжийн нэг см3 тутамд 24 27 33 | |
Микробус /15 хүртэл суудалтай / | 35000 | |
Автобус | 52000 | |
Ачааны машин: /даацаар-тонн/ – – 1 хүртэл тонн – 1-2 тонн – 2-3 тонн – 3-5 тонн – 5-8 тонн – 8-10 тонн – 10-20 тонн – 20-30 тонн – 30-40 тонн – 40-50 тонн – 50-60 тонн – 60-70 тонн – 70-80 тонн – 80-90 тонн – 90-100 тонн – 100 тонноос дээш | 30000 45000 55000 75000 120000 135000 150000 210000 270000 330000 420000 480000 540000 600000 660000 720000 | |
Тусгай зориулалтын автомашин | 16000 | |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 18000 | |
Бага оврын трактор | 8000 | |
Чиргүүл -даацын 1 тонн тутамд | 8000 | |
Цахилгаан автомашин | 0 |