Хотын захирагч Х.Нямбаатар: Шинээр гаргах бонд гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулагдана
Олон улсын зах зээл харьцангуй сэргэж байгаа учир гуравдугаар сард Улаанбаатар хот гадаад бонд гаргах болж, эрх нь нээгдсэн. Өнгөрсөн онд Засгийн газраас шийдвэр гарч, аравдугаар сард бэлтгэл ажил бүрэн хангагдаад зөвхөн цан зохих л дутуу байх үед бид ажил солилцсон.
Тухайн үед төслүүдийг дотоодын бондоор санхүүжүүлэх нь эдийн засгийн төдийлөн үр өгөөжгүй гэж үзэж түр хойшлуулаад байсан. Та бүхэн санаж байвал, сургууль цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх, коксжсон нүүрс авах, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг санхүүжүүлэх зэрэг томоохон төслүүдэд 500 орчим тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөөд байсан. Тухайн үед тулгамдсан асуудлуудыг нийслэлийн төсвийн тодотгол хийж шийдсэн.
Шинээр гаргах бонд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад бүрэн зарцуулагдана. Одоогоор дэд бүтэц нь татагдчихсан Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвүүдийг барилгажуулах санхүүжилтийг шийдвэрлэхэд гадаад бонд, ялангуяа “ногоон” бонд гаргах нь хүү багатай босгож чадна гэж тооцсон.
Тиймээс бид Өрийн удирдлагын тухай хуульд төгрөгөөс гадна валютаар гэх өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Өөрчлөлт хийх болсон шалтгаан нь ашиглах барилгын материалаа бид гадаад валютаар худалдаж авна. Нийт 20’000 айлын орон сууц барих дэд төвүүдийг ашиглалтад оруулж чадвал түгжрэл 40, агаарын бохирдол 50-60 хувиар буурахаар тооцоолсон.