Сангийн яам 140.2 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Ковлин нар /2024.01.11/ “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 1-р үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл болон 28.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” хөтөлбөр МУЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Хөтөлбөр 10 жилийн хугацаанд 17 аймгийн 52 байршилд хэрэгжих бөгөөд МУЗГ Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Холбоо болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, буцалтгүй тусламж гээд нийт 735.0 сая ам.долларын санхүүжилт хийгдэх аж.
“Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хот, хөдөөгийн уялдаа холбоо дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, алсдаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломж бүрдэх юм.