Монгол Улсын паспорт хүчээ хадгаллаа
Швейцарын зөвлөх үйлчилгээний “Henley & Partners” компани 2023 оны хамгийн хүчирхэг паспорттой улсыг тодрууллаа. Шалгаруулалтыг тухайн улсын паспорттой иргэн дэлхийн 227 улс, бүс нутгийн хэдэд нь визгүй зорчих боломжтойд үндэслэн явуулдаг аж.
Монгол Улсын паспорт дэлхийн 63 улсад визгүй зорчих эрхтэйгээр 79 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд 77 дугаар байраас хоёр шат ухарсан үзүүлэлт юм.
Тэгвэл 194 улсад визгүй зорчих эрхтэйгээр Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани улсуудын паспорт тэргүүлсэн бол дэд байрыг 193 улсад визгүй зорчих эрхтэйгээр Финланд, Өмнөд Солонгос, Швед гэсэн гурван улсын паспорт эзэлжээ.
Йемен, Пакистан, Ирак, Сири, Афганистан улсуудын паспорт 35, 34, 31, 29, 28 улсад визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын сүүл мушгисан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд чансаа нь хамгийн хурдтай өссөн паспорт Арабын Нэгдсэн Эмират Улсынх. Тус улсын паспорт 2014 оноос хойш 106 улсад визгүй зорчих эрхтэй болсноор 55 дугаар байраас 11 дүгээр байрт орж иржээ. Харин Хятадын паспорт 85 оронд визгүй зорчих эрхтэйгээр 62 дугаарт эрэмбэлэгдсэн нь хурдтай хүчирхэгжсэн паспортын нэг болсон.
Тэгвэл дайны байдалд байгаа Украйны паспорт 148 оронд визгүй зорчих эрхтэй болсоноор 21 байраар урагшилж 32 дугаарт орж ирсэн нь хамгийн хурдан хүчирхэгжсэн паспортуудыг тэргүүлсэн. Харин Оросын паспорт арван жилийн хугацаанд визгүй зорчих улсын тоогоо 24-өөр нэмэгдүүлсэн ч 13 байраар ухарч 51 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Эх сурвалж: Henley & Partners