Б.Жавхлан: “Сенчири III”-аас хугацаа нь тулсан “Хуралдай” бондыг төлсөн
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн болон 2023-2025 оны стратегийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан байнгын хороонд танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаарыг баримталж, ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зориулж арилжааны нөхцөлтэй зээллэг авахгүй байх, барих, шилжүүлэх нөхцөлтэй концесс болон өрийн баталгааны үлдэгдлийг бууруулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд ЗГ-ын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2016 онд 78.8 хувь байсан бол 2023 оны III улирлын байдлаар 44.3 хувь болж даруй 34.5 нэгж хувиар буураад байна гэв.
Экспорт-Импорт банктай хэлэлцэж, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 7 жилээр хойшлуулж, төлбөрийг 13.1 сая ам.доллар болгон буурууллаа.
Түүнчлэн ЗГ-ын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт заасан зорилтуудтай холбогдох ажлуудын хүрээнд авсан арга хэмжээнүүдийг танилцуулсан. Тухайлбал, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг сайжруулах, төсөвт үзүүлэх төлбөрийн дарамтыг бууруулах арга хэмжээний хүрээнд БНЭУ-ын Экспорт-Импорт банктай зургаан сарын турш хэлцэл хийж, 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дэд гэрээнүүдэд гарын үсэг зурсан.
Дэд зээлийн гэрээнүүдийг байгуулснаар EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн эргэн төлөлт болох 789 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин 7 жилээр хойшлуулж, 2023 оноос эхлэн зээлийн үндсэн төлбөрт 64.5 сая ам.доллар төлж эхлэх байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж, төсвийн дарамтыг багасгасан. Мөн 2018 оноос хойш хийгдэхгүй гацаанд ороод байсан EPC-02, EPC-03 багц ажлын санхүүжилт авах боломжийг бүрдүүлж төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байгааг Б.Жавхлан сайд тайландаа онцлов.
Олон улсын үнэлгээний Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B тогтвортой түвшинд хэвээр хадгалж үлдээлээ.
Гадаад бондын дахин санхүүжилтийн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн оны нэгдүгээр сард “Сенчири-2” өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, 650 сая ам.доллартой тэнцэх гадаад бондыг дахин санхүүжүүлсэн. Үүнээс “Гэрэгэ” бондын 435.3 сая ам.долларын төлбөр болон “Хуралдай” бондын 207.5 сая ам.долларын төлбөрийг тус тус төлж барагдуулсан. Хугацаа нь тулсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг дахин санхүүжилт хийх “Сенчири III” өрийн зохицуулалтыг амжилттай авч хэрэгжүүлсэнийг Сангийн сайд танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ 2023 онд “Гэрэгэ” бондын 82.0 сая ам.доллар, “Номад” бондын хоёрдогч зах зээлийн буцаан худалдан авалтаар 22.0 сая ам.доллар, нийт 104 сая ам.долларыг төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулан, гадаад бондын үлдэгдлийг бууруулаад байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж, дэлхийн олон орны зээлжих зэрэглэл буурч байгаа энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалж, улмаар 2021 оны гуравдугаар сард Мүүдийз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 сөрөг зэрэглэлээс B3 тогтвортой түвшин рүү нэмэгдүүлсэн билээ. Мөн Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагуудтай 2023 оны 05 болон 07 дугаар сард уулзсан уулзалтын үр дүнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B тогтвортой түвшинд хэвээр хадгалж үлдээд байна гэж байлаа.
Чойбалсан ДЦС-ын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлсэнээр БНХАУ-аас импортлох хэмжээг жилд 438 сая кВт.цагаар бууруулна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл болох “Чойбалсан Дулааны Цахилгаан Станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөх төсөл”-ийн санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын 2023 оны 90 дүгээр тогтоолоор тус төслийн хүрээнд 2024 онд ЗГ-ын өрийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, багийн 25,139 айл өрх, 3,133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын олборлох үйлдвэрүүд тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдаж, БНХАУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээг жилд 438 сая квт.цагаар бууруулах ач холбогдолтой юм. ЗГ-ын зүгээс мөн зорилтын хүрээнд болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд вексель, өрийн бичиг гаргахгүй байх, шинээр барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байх бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлж ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Мөн ЗГ-ын өрийн стратегийн баримт бичигт тавьсан зорилт арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2023 оны III улирлын байдлаар ЗГ-ын өрийн багцын жигнэсэн дундаж хүү 3.8 хувь, эргэн төлөгдөх дундаж хугацаа 8.7 жил, хүү шинэчлэгдэх дундаж хугацаа 7.7 жил, гадаад өрийн ЗГ-ын өрд эзлэх хувь 95 хувьтай тэнцэж байна гэв.