“Түүний бизнес” булангийн маань анхны зочноор “Mэлхийт ам” ХХК-ийн захирал О.Намхайравдандорж уригдан өөрийн бизнес болон амьдралд хандах зарчим хийгээд үнэ цэнийг хэрхэн бүтээх талаар ярилцсан юм. Тэрээр одоо “Brother’s Restaurant” болон “Bro Family Market”-ийг дангаар хариуцан ажиллуулж байгаа билээ.
БАГА НАС:
Би хотод мэндэлж, хороололд өссөн. Эмээ маань маш гоё хоол хийдэг, маш гоё тараг бүрдэг ер нь юмханаар юм хийчихдэг хүн байсан. Тэр бүхнээс би хүмүүст гоё хоол хийж өгдөг тогооч байх гоё юм байна гэж бодсон. Тэгээд л миний бага нас тогооч болох мөрөөдлөөр дүүрэн өнгөрсөн байдаг.
МЭРГЭЖИЛ: Аялал жуулчлал, бизнесийн удирдлага мөн хятад хэл судлалаар сурсан.
ДУРСАМЖ:
Бага байхад ээж маань ресторан ажиллуулдаг байлаа. Тэгээд орой жижигхэн диско болно. Тэнд өнждөг байлаа. Тэндээс л анх рестораны үйл ажиллагаа хэрхэн явагддаг мэдлэг олж авсан даа. Цолмон гээд маш гоё цагаан хувцастай, үнэхээр гоё хоолнууд хийдэг ах тогоочоор ажилладаг байсан тэр дүр зургийг харах бүрдээ би энэ л замаар явах ёстой гэх бодол төрдөг байсныг одоо хэрнэ тодхон санадаг.
БИЗНЕС ЭХЭЛСЭН ТҮҮХ: Анх би ээжтэйгээ хамтраад энэ ресторанаа Guest House болгох зорилгоор европ маягаар тохижуулж нээж байсан. Доороо ресторан, пабтай, дээрээ авсаархан зочид буудалтай газрууд европд их байдаг. Одоо бол энэ бизнесээ би дангаараа хариуцан явуулж байгаа. Ер нь гэр бүлийн бизнес гэхэд болно. Цаашдаа үе дамжсан бизнес болгохыг зорьдог. Тухайн үед европ жуулчдыг хүлээж авах зорилттой байсан боловч корона гараад санасандаа хараахан хүрч чадаагүй л байна.
BROTHER’S RESTAURENT:
Манай рестораны үндсэн зарчим хүмүүст маш сайн чанарын хоолоор үйлчлэхийн дээр аль болох ая тухтай, найрсаг орчныг бүрдүүлэхэд оршдог. Тийм ч учраас бид хоолондоо хамгийн чанартай, шинэ гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
Товчхондоо гэвэл манайх монгол стандартыг европ соёлтой хослуулж үйлчилдэг гэсэн үг. Европд жижиг ресторанууд маш олон байдаг учраас хоолны орц, найрлага нь fresh байж чаддаг. Үүнийг л бид монголдоо суулгахыг зорьж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.
BRO FAMILY MARKET:
Дэлгүүр маань рестораныхоо дэргэд байдаг нь тэнд зарагдаж буй манай бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн гар дээр шинээрээ очиж байхын тулд юм.
Бид ч мөн хүмүүс манайхаар үйлчлүүлэхдээ маш тухтай байх тийм орчныг бүрдүүлэхийг хичээсэн. Хямд үнээр, шинэ хоол, сайн чанарын кофегоор үйлчлэх нь цаанаа кофены соёлыг дэлгэрүүлэх, хүүхдийн эрүүл хооллолтыг нэмэгдүүлэх гэсэн зорилгыг агуулж байгаа юм. Тиймээс энэ дэлгүүрээ цаашдаа 10-н салбартай болгохыг зорьж байгаа.
Жишээ нь манайх “Xanadu” гэх брэндийн махыг ашигладаг. Энэ мах нь антибиотик таригдаагүй, угсаа гарал нь тодорхой болохоор шүүрхийгээр нь идэх боломжтой. Дээр нь бид соусандаа Bourbon Whiskey оруулж махан дахь бактерийг устагдаг.
ҮЛГЭР ЖИШЭЭ БИЗНЕСМЭН:
Миний том ах Очирхуяг нь “Витсамо Фүүдс” ХХК-ийн ерөнхий захирал. Тэр хүн тэгээс эхлэн, одоо байгаа бүхнээ өөрийн гараар бүтээсэн, эцсийг нь үздэг, тууштай зан чанартай нэгэн. Ахын маань тэр аливаад үл шантрах зан байдал, дүр зураг өөрт минь хамгийн ойр, хамгийн том үлгэр дуурайл минь байж ирсэн.
АМЬДРАЛД ХАНДАХ ЗАРЧИМ:
Би бизнес болон амьдралдаа төлөвлөгөөг эрхэмлэдэг. Маргааш, нөгөөдөр, энэ 7 хоног гээд л ер нь бүгдийг төлөвлөдөг. Төлөвлөж чадсан хүн айдасгүй маргааштай уулздаг. Тийм ч учраас ахын минь хэлсэн “Маргаашийг хамгийн сайн төсөөлж чадсан хүн амжилтад хүрдэг” гэх энэ ганц өгүүлбэрийг би амьдралынхаа гол зарчимуудын нэг болгон санаж явдаг.
МОНГОЛЫН БИЗНЕС ОРЧИН:
Бусад оронтой харьцуулахад эрх зүйн орчин талаасаа харьцангуй чөлөөтэй санагддаг. Зөвшөөрөл болон шаардлагатай материалыг нь бүрдүүлээд хуулийн дагуу байхад хэнд ч бизнес эрхлэхэд ямар ч асуудалгүй. Гол нь Монгол Улсын стандартыг өөрийн бизнес стандарттай хослуулах нь чухал.
ОЙРЫН 5 ЖИЛД ӨСӨХ САЛБАР:
Миний бодлоор аялал жуулчлал. Гэхдээ энэ салбараа манайхан тогтмол орлоготой болгоё гэвэл зам, ариун цэврийн өрөө, буудаллах газар, идэх хоол гээд үйлчилгээ болон орчноо гадны стандартад нийцүүлсэн байх хэрэгтэй.
ЗАЛУУ БИЗНЕСМЭНД:
Аль болох бусдын хийснийг давтах биш шинийг хийж, одоо байхгүйг бүтээгээсэй. Мөн өөртөө завсар сиймхийгүй төлөвлөгөө гаргаж, өөрийгөө завгүй байлга. Бизнес, наймаа хоёрыг ялгадаг бай. Америкчууд “Бизнестэй болъё гэвэл make money буюу мөнгө ол” гэж хэлдэг. Энэ нь хаа нэгтэйгээс эсвэл хэн нэгнээс мөнгө гуйж олох биш мөнгийг өөрөө бүтээдэг болохын төлөө байхыг хэлж байгаа юм.
Бизнес хийхэд олон хүнтэй хамтарч ажилладаг. Тэдэнтэйгээ нэг гэр бүл шиг байж, санаа бодлыг нь сонсож, хамт төлөвлөгөө гаргаж, хамтдаа урагшлах хэрэгтэй. Хийж буй ажлыг нь дэмжиж, урмаар тэтгэх юм бол тухайн ажилтан урамшиж, ажилдаа чин сэтгэлээ гарган илүү ихийг хийх хүчтэй болдог. Үүнийг нь дагаад тухайн компанийн үйл ажиллагаа урагшилж байдаг бичигдээгүй хууль бий. Захирал хүн бүгдийг сонсож, замыг нь гаргаж, үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй.
ТЭГЭХЭЭР: Том мөрөөдлөөс илүү асуудалгүй маргааш чухал. Бизнес хийнэ гэдэг асар их баяр хөөр бас асар их тэвчээр агуулж байдаг. Би сая он гарахын өмнө дэлгүүрээ нээгээд анхны өдөр нь 07:00 цагт худалдагчтайгаа хамт анхныхаа үйлчлүүлэгчдэд анхны кофегоо хийж өгсөнийхөө дараа сүүлийн таван жилийн турш дандаа оройн цагаар ажилладаг байсан хүнийхээ хувьд өглөөний нарыг харж зогсоход энэ дэлгүүрээр би мөнгө олох нь биш харин зорьсон зорилт, бүтэн жил хөөцөлдсөн ажил минь бүтсэн байхыг харж буй тэр мөч, тэр мэдрэмж өөрт минь жинхэнэ аз жаргалыг өгч байгаа нь хамгийн сайхан нь байсан.
Ярилцсан: Сэтгүүлч Б.Тэмүүлэн