Life

Нийслэл нэг ч “ногоон автобус” авахгүй

Өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн газраас оюутны картын хөнгөлөлт болон “ногоон автобус” зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд шинэчлэн батлагдсан Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсанаар их, дээд сургуулийн оюутан болон сурагчид нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан холбогдох шатны байгууллагууд зохих зохицуулалтыг хийсэн байна.  

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах зохицуулалт 2024 оныг дуустал хэрэгжинэ. Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Мөн ажлын өдрүүдэд оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчдог байсныг хоёр болгож нэмлээ. Оюутнуудын картын хөнгөлөлт маргааш буюу нэгдүгээр сарын 10-наас дахин хэрэгжинэ гэв.  

Хотын дарга Х.Нямбаатар: АТГ-аас гурван сар шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. “Ногоон автобус”-ыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан болохыг тогтоож, нийт хохирлын хэмжээ 134.5 тэрбум төгрөг. Үүнээс 11.9 тэрбумыг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн авсан. 

Битүүмжилсэн хөрөнгөд “Тэнүүн огоо” компанийн авто засвар болон угаалгын газартай дөрвөн автобус бааз багтсан. Үлдсэн хохирлыг шүүхээр нэхэмжилнэ. Нийслэл “ногоон автобус”-аас нэгийг ч авахгүй. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 12 удаагийн татан авалтаар 600 автобусыг шинэчилнэ. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-нээс автобусаар нэг удаад зорчих үнийг 1000 төгрөг болгож, өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй болгоно хэмээн мэдэгдэв.  

Холбоотой мэдээнүүд

Back to top button