Бизнес

Инфляц алгуурхан өсөх магадлалтай

Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах хэмээн тодорхойлсон. Тэд зорилтоо биелүүлэхийн тулд зах зээлийн хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах бодлогыг “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-д тусган хэрэгжүүлдэг.

Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн 6 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилттой болохоо танилцуулсан.  Монголбанкаас мөнгөний бодлогын хүрээнд бодлогын хүүг өөрчилж санхүүгийн зах зээлийн хүү, мөнгө, зээлийн эрэлт, нийлүүлэлтэд, улмаар үйлдвэрлэлийн хэмжээ, хөрөнгийн үнэ, хүлээлт, валютын ханш, дотоод эрэлтэд нөлөөлөх замаар инфляцын түвшин, түүний хүлээлтийг тогтворжуулахыг зорьдог.

Өнгөрсөн 12 дугаар сард Монгол банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 13 хувьд хэвээр хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүүг хэвээр хадгалсанаар тогтмол буурч ирсэн инфляц 2024 онд багахан хэмжээгээр өсөх төсөөлөлтэй болохыг танилцуулсан. Өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа төсвийн гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ тогтвортой, өндөр үнээр борлуулагдаж, борлуулалтын хэмжээ өсч байсан нь инфляц буурах, нэгдсэн төсвийн тэнцэл ашигтай гарахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Нүүрсний экспорт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэл эхний гурван улиралд өмнөх оныхоос 33 хувиар өсчээ. Гэвч энэ онд нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч эрэлт, үнэд уналт үүсэх магадлалтай болохыг олон улсын шинжээчид анхааруулж байна. Үүнд үндэслэн бодлогын хорооноос банк, санхүүгийн байгууллагын зах зээлийн нөхцөл байдал, эрсдэл зэргийг харгалзан бодлогын хүүг хэвээр хэвээр үлдээсэн байх магадлалтай.   

Өнгөрсөн оны төгсгөлд инфляц буурч, улсын хэмжээнд 8.6%, нийслэлд 9.4 %-тай гарсан. Энэ бууралтад төгрөгийн ханшийн тогтворжилт, тээврийн зардал буурсан, гадаад үнийн дарамт багассан зэрэг нь бусдаас илүүтэйгээр нөлөөлсөн. Гэвч энэ онд хэт өндөр төсөв батлагдсан, цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн зэрэг нь инфляцийг буцаан нэмэгдүүлэх магадлалтай байна. Манай худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлттэй байгааг олон улсад анхааруулсаар байна. 

Цаашид экспортын түүхий эдийн эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлж улмаар инфляцийг хөөргөх магадлалтай учир бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь зөв шийдвэр байж болох талтай. Гэхдээ өнөөгийн эдийн засгийн сэргэлт, инфляцын багахан бууралт, экспорт, импортын бүтээгдэхүүний олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэсэн алхам хийх  шаардлагатай байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button