Life

Монголын эдийн засгийн салбар дахь оны онцлох үйл явдлууд

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад оров

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани 2022 оны нэгдүгээр сард зөвшилцөлд хүрсний дүнд энэ оны гуравдугаар сард Оюу Толгойн гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд зургаан сая цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэсийг нийлүүлж,  дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх хэмжээнд хүрч улмаар улсын төсөвт төлвлөрүүлэх үнийн дүн өнөөгийнхөөс гурав дахин нэмэгдэх юм.

“Хар алт”-ны хэрэг

“Эрдэнэс Таван Толгой” компаниас 5.2 сая тонн нүүрсийг ямар ч бүртгэлгүйгээр улсын хилээр гаргасан нь илэрч, мөн Өмнөговь аймагт 457га газрыг гадаадын хөрөнгө оруулагчтай 38 компанид эзэмшүүлсэн болох нь тогтоогдов. Дээрх асуудлуудаар явуулсан сонсголын эхний шатанд давхардсан тоогоор 275 гэрч, хоёр дахь шатанд 577 гэрч дуудагдсан. Шалган магадлах явц өндөрлөөгүй энэхүү хэрэгт ямар нэгэн шийдвэр гараагүй л байна.

Монгол Улсын Хөгжлийн банк

Монгол Улс дотоодын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнуудад хууль бус зээл олголт явагдсанаар нийт 3.2 их наяд төгрөгийн активтай байгуулагдсан банкны 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, сонсгол явуулахад хүргэв.

Ногоон автобусны хэрэг

Нийслэлийн нийтийн тээврийг 1225 автобусаар парк шинэчлэлт явуулахаар төлөвлөснөөс төсөл хэрэгжүүлэгч “Тэнүүн огоо” ХХК эхний 100 автобусаа нийслэлд оруулж ирэв. Нэг бүрийн үнэ 336 сая төгрөг бүхий 810 автобус оруулж ирэхээр гэрээлсэн ч нийлүүлсэн автобус нь стандартын шаардлага хангахгүй, Вьетнамд капитал засвар хийсэн автобус болох нь илэрсэн тул цуцлагдав.

Боловсролын зээлийн сан

Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан О.Сийлэгмаа сангийн хууль бус үйл ажиллагаа, зөрчлийн талаар олон нийтэд анхлан мэдэгдсэн. Төр, засгийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ойр дотныхоо хүүхдүүдээ сангийн тэтгэлэгт хамруулж улмаар тэднийхээ зээлийг үндэслэлгүйгээр тэглэдэг мөн дээр нь зээл авах шалгуур хангаагүй олон хүнд зээл олгосон хэрнэ шалгуур хангасан олон хүнд зээл олгоогүй нь илрэв.

Арилжааны банкны хувьчлал явагдаж дууссан

Системийн нөлөө бүхий арилжааны таван банкыг хувьчлах явц 2022 онд Төрийн банкаар эхэлж байсан бол Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкууд нийт хувьцааныхаа 15 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгохыг хуульчилж мөн банкуудын хувьцааны төвлөрлийг задлах зорилгоор нэг этгээд тухайн банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмших эрхтэй хэмээн заав.

Шивээ хүрэн-Сэхэ боомтын холболт

Хэд хэдэн Засгийн газрын нүүр үзсэн Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох хил холболтын цэгээ өмнөд хөрштэй тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн нь зэс, нүүрсний экспортын 25 хувийг нэвтрүүлдэг боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээврийн хэмжээ 20 сая тоннд хүрэх боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцоолж байна.

Хамгийн данхар төсөв батлав

УИХ-аас ирэх онд төсвийн орлогыг 25 их наяд, зарлагыг 28 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ нь улсын төсвийн голлон бүрдүүлэгч нүүрсний экспортын хэмжээг 60 сая тоннд хүргэхээс гадна Засгийн газрын нийт өрийг 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 44 их наяд төгрөгт хүргэх аж. Хуулийг өргөн барихаас эхлэн эдийн засагчид биелэх боломжгүй дүн тавьж, алдагдлаа зээлээр хаадаг хэмээн шүүмжилсэн бол “Монгол нүүрс ассоциаци”-аас ирэх онд 55-60 сая тонн нүүрс нийлүүлэх төлөвтэй хэмээн үзжээ.

Бондын дарамтаас гарав

Монгол Улс энэ 12 дугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж улмаар ирэх 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар мөн мэдэгдэв.

Тухайлбал Засгийн газраас “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд нийтдээ 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул

Холбоотой мэдээнүүд

Back to top button