Энэ жил түүхэн дэх хамгийн их өртөгтэй сүнсний баяр тохионо
Halloween нь 1000 гаруй жилийн өмнө үүссэн бөгөөд Самхайн (зуны төгсгөл гэсэн утгатай) баяраас улбаатай. 11 дүгээр сарын нэгэнд нас барагсдын сүнс гэртээ буцаж ирдэг гэж үзэн тэднийг хөөн зайлуулахын тулд лаа асааж, сүнсний хувцас өмсдөг байжээ. Шашны зан үйлээс гаралтай энэ баярыг өнөөдөр итгэл үнэмшлээс үл хамааран дэлхийн 37 улс орон өргөн хүрээнд тэмдэглэж байна.
Сүнсний баяр зөвхөн арга хэмжээ, баяр ёслол, зан үйл төдий бус эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй болсон.
Америкчууд сүнсний баярт хамгийн их ач холбогдол өгдөг улсын нэг бөгөөд энэ жил нийт иргэдийн 70 гаруй хувь нь тэмдэглэх юм байна. Жил ирэх тусам тэдний уг баярт зарцуулах мөнгө ихсэж жижиглэн худалдааны салбар энэ үеэр ашигтай ажилладаг.
Өнгөрсөн жил нийтдээ 10.6 тэрбум долларыг хувцас, чихэр, гэрийн чимэглэл, үдэшлэгийн хэрэгсэл, нүүр будалт зэрэгт зориулсан бол 2023 онд 12.2 тэрбум доллар болж өсөх тооцоотой байгаа аж.
Нэгдсэн Улсын эдийн засаг тогтворгүй, хэрэглээний зардал нэмэгдэж байгаа ч сүнсний баярт дунджаар нэг хүн 108 доллар зарцуулна гэж тооцжээ.