EDU

Далай тэнгисээс уудам тал руу Нобелийн шагналтнуудын мөрөөр аялъя

Альфред Нобелийн захиасаар үүссэн таван салбарт шинжлэх ухааны шилдгүүдийг тодруулдаг нэр хүндтэй шагналыг бид мэднэ. Нобелийн шагнал гардуулах ёслол 1901 оноос хойш нийт 114 удаа зохиогджээ. Утга зохиолын салбарт “Нобелийн утга зохиолын шагнал” хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Нобелийн утга зохиолын шагналт зохиолчдын монгол хэл дээр хөрвүүлэгдсэн бүтээлүүдээс танилцуулъя. (Нэгдүгээр хэсэг)

  • Херман Хессе – Сиддхартта

Зохиолч, яруу найрагч, зураач Херман Хессе нь  Герман улсад протестант шашны номлогчийн гэр бүлд мэндэлсэн. Тэрээр намтардаа “Би яруу найрагч болно эсвэл хэн ч биш” хэмээн бичиж байжээ. 

1946 онд “Зоригтой, хүмүүнлэгийн сонгодог үзэл санаа, хэв маягийн өндөр чанарыг нэвт шингээсэн” зохиолуудынхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн байна. 

2021 онд “Эрдэмт Паблишинг”-аас “Сиддхарта” романыг эрхлэн гаргасан. Зохиолд өөрийгөө олох, амьдралын утга учрыг ойлгох эрэлд гарсан залуу хүүгийн сонирхолтой түүхийг өгүүлнэ.

  • Эрнест Хемингуэй – Өвгөн тэнгис хоёр

Хемингуэй 1899 оны зургаадугаар сарын 21-нд эмч Кларенс Эдмонт Хемингуэй, хөгжимчин Грейс Холл-Хэмингуэй нарын том хүү болон мэндэлжээ. 

1954  онд 55 насандаа Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр өгүүлэхүйн урлагийг эзэмшсэн чадвар, орчин үеийн хэв маягт үзүүлсэн нөлөө хийгээд “Өвгөн тэнгис хоёр” зохиолоороо үнэлэгджээ. 

Эл зохиол Монголын уншигчдад  анх 2013 онд Г.Акимын орчуулснаар хүрж түүнээс хойно хоёр ч орчуулга хэвлэгдсэн. Хэрэв та уншиж амжаагүй бол заавал унших зохиолуудын нэг юм.

  • Оэ Кензабүро – Тэжээмэл

Дайны дараах япон уран зохиолын “Оргил цэг” хэмээн үнэлэгддэг Оэ Кензабүро 1935 онд төржээ. 

“Өнөөгийн хүн төрөлхтний хүнд хэцүү байдлыг уран яруу дүрслэж чадсаныхаа төлөө” 1994 онд Нобелийн шагнал хүртэж байжээ.

Японы хоёр дахь Нобелийн утга зохиолын шагналтан бөгөөд Нобелийн индэр дээр уншсан лекцдээ “Орчин үеийн Японы утга зохиолын түүхэнд, өөрсдийн чиг үүргээ хамгийн сайн ойлгож хүндэлдэг хүмүүс бол дайны дараа үеийн уран зохиолчид байв” хэмээн өгүүлж байжээ. Үнэхээр ч түүний “Тэжээмэл” гэх бэсрэг зохиол дайны үеийн хүүхдүүд хэрхэн өсөж томрох, аж байдал яаж өрнөж байсан талаар тун чадварлаг өгүүлсэн байдаг.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Утга зохиол” солонгон цувралын 17 дахь ном болж хэвлэгдсэн бөгөөд Нобелийн индэр дээр уншсан лекц нь багтсан бий.

  • Пабло Неруда – Асуултын ном 

Чилийн яруу найрагч Пабло Неруда монголын уншигчдад харьцангуй шинэ танил байж мэднэ. 

Түүний дан асуултаас бүрдсэн яруу найргийн түүврийг 2022 онд “Асуултын ном” нэртэйгээр Г.Аюурзана зохиолчийн охин А.Гэгээ орчуулж, Л.Өлзийтөгс тэдгээр асуултад хариулсан “салхины нэр Ө” шүлгийн номоо хамтад нь гаргасан.

Энгийн хүчээр хүсэл мөрөөдөл, хувь заяаг тэтгэдэг яруу найргаараа 1971 онд Нобелийн шагнал авсан.

  • Альбер Камю – Тахал

Экзистенциализмын үзэл санаатай салшгүй холбоотой Камюгийн зохиол бүтээл “хувь хүний зан чанар орчлон ертөнцийн утга учиргүй эрээн бараанаас үүддэг” хэмээн нотлохыг оролдсон Сизифийн домог (1942) эсээнээс улбаатай. 

Бид “The Stranger” буюу “L’Étranger” туужийг нь Франц хэлнээс Т.Төмөрхүлэгийн орчуулсан “Этгээд хүн” нэрээр, Англи хэлнээс Г.Лхагвадуламын орчуулгаар “Хөндлөнгийн хүн”, Орос хэлнээс Ц.Цэнгэлийн орчуулсан “Харь элгийн хүн”  нэрээр мэдэх биз ээ.

1947 онд “La Peste” буюу “Тахал” романаа хэвлүүлсэн. Тус зохиолыг шүүмжлэгчид ХХ зууны хамгийн чухал зохиолуудын нэгээр нэрлэсэн байдаг. Дэлхий нийтээрээ туулж өнгөрүүлсэн цар тахлын үеэр энэхүү зохиол дахин олны анхаарлыг татаж Монгол хэлнээ хэд хэдэн хувилбараар орчуулагдсан.

“Манай эрин үед хүний ухамсрын асуудлыг илэн далангүй гэрэлтүүлсэн утга зохиолын чухал бүтээлийнхээ төлөө” 1957 онд Нобелийн шагнал хүртсэн байна. Шагнал гардах үеэрээ “Урлаг, утга зохиолын агуулга хэлбэр нь орон зай, цаг хугацаанд үл баригдан, хүн төрөлхтний нийтлэг асуудлыг тусгаж, улмаар нийгмийн амьдралын ямар ч тогтворгүй байдлыг даван туулах чадвартай байх ёстой” гэж хэлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button