Бизнес

Монгол улсын зэсийн экспорт 3-4 дахин нэмэгдэх боломжтой

Ногоон эдийн засаг руу шилжихэд зэс чухал үүрэгтэй. Тухайлбал, 1МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан үүсгүүрт гурван тонн зэс ашигладаг. Цахилгаан автомашин үйлдвэрлэхэд ердийн автомашинаас 3-4 дахин их зэс хэрэгтэй. Улам нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ, шаардлагын улмаас зэсийн эрэлт дэлхийн хэмжээнд жил бүр 1.5-2.5% -иар өсөх төлөвтэй байна.

Олон улсад нийт 890 сая тонн, Монголд 61.4 сая тонн  зэсийн батлагдсан нөөц бий.

 Дэлхийн зах зээлд жилдээ 25 сая тонн зэс хэрэгцээтэй бөгөөд дунджаар 22 сая тонн зэс үйлдвэрлэгддэг. 2023 онд үүний 4.3% буюу 947.5 мянган тонн зэсийг Монгол Улс нийлүүлсэн байна. 

Энэ онд Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орсон. Уурхайн нээлтийн үеэр эдийн засагч, судлаач Н.Энхбаяр: “Монгол Улсын экспорт, тэр дотроо 20-22 хувийг эзэлж буй зэсийн баяжмалын экспортын хувь, хэмжээ цаашид 3-4 дахин нэмэгдэх боломжтой болж байна. Ингэснээр гадаадаас орж ирэх валютын урсгал өсөж, улмаар Монголбанкан дахь валютын нөөц нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулах зэргээр манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн хэлж байсан.

Зэсийн хэрэгцээ нэмэгдсэн ч нөөц шавхагдах магадлал тун бага. Учир нь зэсийг хэдэн ч удаа дахин боловсруулсан анхны шинж чанараа алддаггүй. Сүүлийн арваад жил дэлхийн зэсийн хэрэгцээний 30 гаруй хувийг дахин боловсруулсан зэс хангаж байна.

Монгол Улсад зэс олборлодог 52 компани бий.

2023 оны наймдугаар сарын байдлаар зэс олборлолтын ашгаас 1.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button