Уул уурхайн компаниуд борлуулалтын орлогынхоо 20-30 хувийг улсын татварт төлдөг. 2023 оны наймдугаар сарын байдлаар уул уурхайн салбараас 255.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улс эрдэс баялгаас олсон нийт ашгийнхаа 1%-ийг ирээдүй, хойч үедээ хуримтлуулжээ. Энэ хандлагаа өөрчлөхийн тулд эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайн хэт хамаарлыг аажмаар бууруулах шаардлагатайг Дэлхийн Банкнаас сануулсан байдаг. World Bank 2020
Мөн Монгол Улсын эдийн засгийг сэргээх, төрөлжүүлэх урт хугацааны зорилтдоо хүрэхийн тулд хүртээмжтэй хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг зөвлөсөн. Ижил төстэй эдийн засагтай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур, эдийн засаг тогтворгүй, капиталын гүнзгийрэлт удаан, уул уурхайн салбарт хэт тулгуурладаг зэрэг нь цаашид Монгол Улсад ажлын байр бий болгоход бэрхшээл учруулж байна гэжээ. World Bank 2022