“Ozempic” согтууруулах ундааны дуршлыг бууруулах боломжтой

Жин бууруулах үйлчилгээтэй “Ozempic”, “Wegovy”, “Mounjaro” зэрэг эмийн гол найрлага болох семаглутид нь согтууруулах ундааны хэрэглээг багасгах нөлөөтэй байж болзошгүй гэнэ.
Умард Каролинагийн их сургуулийн эрдэмтэд архины хамааралтай 48 хүнийг 9 долоо хоног судлахад семаглутид хэрэглэсэн хүмүүсийн 40 хувь нь хэтрүүлэн уухаа больсон бол пласебо буюу хуурамч эм хэрэглэсэн хүмүүсийн ердөө 20 хувь нь л архины хэрэглээгээ багасгасан байна. Мөн семаглутид хэрэглэсэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхдээ өмнөхөөсөө 30 хувиар бага уужээ.
Түүнчлэн семаглутид хэрэглэсэн хүмүүс пласебо бүлгийнхнээс хоёр дахин бага согтууруулах ундаа уусан нь судалгаагаар тогтоогдсон байна. Харин тамхи татдаг оролцогчдын цөөн хувь нь өдөрт татах тамхины хэмжээгээ 10 хувиар бууруулжээ.
Семаглутидын архины дуршилд үзүүлэх нөлөө нь амьтан дээр хийсэн өмнөх судалгаануудаар ч батлагдаж байсан. 2024 оны судалгаа энэ эмийг хэрэглэсэн хүмүүсийн согтууруулах ундаанаас болж эмнэлгийн тусламж авах магадлал багасдаг болохыг харуулжээ.
Гэсэн хэдий ч илүү өргөн хүрээний судалгаа хийх шаардлагатайг судлаачид онцолсон байна.
Анх чихрийн шижинг эмчлэх, тураах зориулалтаар гаргасан “Ozempic”, “Wegovy” эмүүд сүүлийн үед эрүүл мэндийн олон талын эерэг нөлөөтэй байх боломжтой нь анхаарал татаж байна. Эрдэмтэд эдгээр эм сэтгэл зүйг тогтворжуулах, ой санамжийг сайжруулах, Паркинсоны өвчин, Альцгеймер, айдас түгшүүрийн эмгэгт эерэг нөлөө үзүүлж болзошгүй эсэхийг судалж буй аж.