Дэлхийн дотоод цөмийн эргэлт 2040 онд гэнэт зогсоно

Манай гаргийн дотоод цөм 15 жилийн дараа эргэхээ больж, бүрэн зогсоно гэсэн дуулиант мэдэгдлийг АНУ, Хятад, Францын эрдэмтэд хийжээ.
Энэ талаарх судалгааны материал шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн яг төвд буюу гадаргуугаас 5150 км-ийн гүнд 1300 км-ийн радиустай улайссан хатуу цөм оршдог ба никель ба төмрөөс тогтож, гадуураа шингэн цөмөөр бүрхэгддэг. Энэхүү гадаад цөм нь Дэлхийн гадаргуугаас 30 км-ийн гүнээс эхэлж, 2900 км-ийн гүн хүртэл үргэлжлэх манти давхаргатай холбогдоно.
Дотоод цөм нь манай гаргийн соронзон талбайг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг байна. Цөмд явагддаг геодинамо гэдэг нарийн төвөгтэй үйл явцын дүнд эх Дэлхий маань соронзон хамгаалалтын хүчирхэг бамбайтай болсноор Нарны цацрагийн сөрөг нөлөөллөөс амьд бүхэн хамгаалагддаг ажээ.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хийсэн газар хөдлөлтийн сейсмик долгионы тархалтын судалгааны өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийсэн эрдэмтэд “1970-аад оны эхнээс Дэлхийн дотоод цөм баруунаас зүүн тийш эргэж байгаад 2009-2010 онд эргэлт нь гэнэт зогссон” гэх дүгнэлтийг хийж. Харин одоо дотоод цөм дахиад хөдөлгөөнд орсон бөгөөд өмнөхөөс эсрэг зүгт эргэж байгаа гэнэ.
Дотоод цөмийн динамик хөдөлгөөнд гарч буй ийнхүү өөрчлөлт гарч байгаа нь Дэлхийн соронзон талбайг үүсгэх үйл явцтай холбоотой байж магадгүй юм. Эрдэмтдийн тооцоолсноор, 2040 он гэхэд цөмийн эргэх хөдөлгөөн бүрэн зогсох бөгөөд хэсэг хугацааны дараа Дэлхийн эргэж буй чиглэлд дахин эргэж эхлэх ажээ.