Life

Gen Z үеийнхэн гар утсанд дуудлага ирэхээс айдаг

Утсаар ярих нь өмнө нь харилцааны гол арга байсан бол Z үеийн олонх нь утас дуугарахад айдас, түгшүүр мэдэрдэг гэнэ. Энэ үзэгдлийг “телефоби” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь нийгэмд улам газар авч буйг Их Британийн “Nottingham College”-ийн карьерын зөвлөх Лиз Бакстер онцолжээ.

Z үеийнхэн ихэвчлэн мессэж, дуут шуудан, олон нийтийн сүлжээгээр харилцдаг тул утсаар ярих туршлага бага өссөн. Үүний улмаас зарим нь ажлын ярилцлага утсаар өгөх зэрэг чухал дуудлагаас эмээж, өөртөө итгэлгүй болсон аж. Бакстерын хэлснээр, нэг ангид 25-30 оюутан байхад гуравны хоёр нь утасны дуудлага авахаас айдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг байна.

Иймд тус коллеж “телефоби”-ийн сургалт явуулж, оюутнууд эмчид цаг захиалах, ажилдаа өвчтэй гэдгээ мэдэгдэх зэрэг өдөр тутмын утасны дуудлага хийх дадлага хийж эхэлжээ. Тэд нөгөө хүнээ харахгүйгээр ярихад хэвшихийн тулд нуруу нуруугаараа налан суугаад, зохиомжит яриа ашиглан дасгал хийдэг. Зөвхөн ганцхан удаагийн хичээлээр л тэдний итгэл нэмэгддэг талаар Бакстер онцолсон байна.

Утасны дуудлагаас айх нэг гол шалтгаан нь “Танихгүй хүний тодорхойгүй яриа”-наас үүдэлтэй аж. 2024 оны судалгаагаар 18-34 насныхны дөрөвний нэг орчим нь бараг дуудлага авдаггүй бол 60-аас дээш хувь нь мессэжээр харилцахыг илүүд үздэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн энгийн дуудлагын үед видео дуудлага шиг нүүр царай, биеийн хэлэмж харах боломжгүй байдаг нь олон залуусыг өөрийнхөө дуу хоолой, ярианы өнгөнд санаа зовох шалтгаан болдог байна.  

Холбоотой мэдээнүүд

Back to top button