Монголчууд хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь буурч байна
![](https://shugeluleegch.mn/uploads/middle/shugeluleegch-mn-img-17394205260.jpg)
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй явуулсан Хүн амын хоол тэжээлийн байдлын 2023-2024 оны судалгаагаар Монголчууд эхийн сүүгээр хооллох нь буурч байгаа гэсэн дүн гарчээ.
Уг судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 16 мянга орчим иргэн, түүний дотор тав хүртэлх насны 2800 гаруй хүүхэд хамрагдсан байна. Судалгааны тайланд дурдсанаар төрсний дараа ангир уураг амласан нярай 1999 онд 96.7% байсан бол 2024 онд энэ тоо 87.4% болж буурсан байна. Түүнчлэн зургаан сар хүртэлх хугацаанд эхийн сүүгээр хооллох нь ч огцом буурчээ. Зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох хувь хэмжээ 1999 онд 93.4% байсан бол 2024 онд 59.6% болтлоо буурсан байна. Ингэж буурах болсон нь нийгмийн хэд, хэдэн шалтгаантай байна. Тухайлбал гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт болон сурталчилгаа нэмэгдсэн, ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхийн сүүгээр хооллох явдал буурч байгаагийн суурь шалтгаан аж.
Одоогоос долоон жилийн өмнөөс 2019 оноос эхлэн хийсэн өөр бусад судалгаануудад эхийн сүүгээр хооллох нь жил бүр буурсаар иржээ.
Эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хамгаалах анхны дархлаажуулалт болдог. Үүнээс гадна хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа аливаа өвчнөөс сэргийлдэг аж.