ХАРБИН-2025: Хятадын тамирчид медалийн тоогоор шинэ дээд амжилт тогтоолоо
Хятад улс Азийн өвлийн нэг наадмаас хүртсэн медалийн тоогоор шинэ дээд амжилт тогтоосон бол Тайландын баг мягмар гарагт анхны медалиа хүртлээ.
Мягмар гарагт нийт 10 багц медалийг гардуулснаас Хятадын тамирчид зургаан алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, медалийнхаа нийт тоог 70-д хүргэжээ. Ингэснээр 2007 онд Чанчунь хотод болсон Азийн өвлийн наадмын үеэр тогтоосон өмнөх дээд амжилтаас /61/ давсан байна.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/20250210140d1e1d3029452ebfe62b9e70507b33_f05537ee7ee349beb3f9478f844d9258.jpg)
Эмэгтэйчүүдийн цанын слоупстайл төрөлд Лю Мэнтин алт, Ян Руи, Хан Линшан нар мөнгө, хүрэл медаль хүртсэнээр ийм амжилтыг тогтоосон байна. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Японы Рай Касамүра түрүүлж, түүний багийн анд Рүка Ито мөнгөн медаль хүртжээ. Тайландын тамирчин Пол Анри Вьюктемпс хүрэл медалийн болзол хангаснааp Азийн өвлийн наадмын анхны медалийг эх орондоо авчирсан байна.
Хятадын гүйлтийн тэшүүрийн баг тамирчдын хувьд илт давуу байж мягмар гарагт дөрвөн алтан медаль хүртлээ. Тухайлбал, Нин Жунян эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд 1 минут 8.81 секундийн амжилтаар наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Энэ төрөлд Өмнөд Солонгосын Ча Мин Кю мөнгө, Хятадын Лян Зивэнь хүрэл медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдийн 1000 м-ийн финалд Хятадын Хан Мэй, Ин Ци нар нэг, хоёрдугаарт барианд орж, Өмнөд Солонгосын Ли На Хён хүрэл медаль хүртлээ.
Мягмар гаргийн тэмцээн уралдааны дараах байдлаар, Хятад улс 27 алт, 13 мөнгө, 20 хүрэл медальтайгаар медалийн чансаагтэргүүлж байна. Харин Өмнөд Солонгосын баг тамирчид 12 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтай удаалж байгаа бол Япон 5 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаарт бичигдэж байна.