“Power bank” зөөвөрлөхийг хориглолоо
Солонгосын авиакомпаниуд энэ баасан гарагаас повер банк тээшинд хадгалахыг хориглож эхэллээ.
Өмнөд Солонгос руу онгоцоор зорчих гэж байгаа бол повер банкнаас татгалзахад гэмгүй. Учир нь Бусан хот дахь “Гимхэ” нисэх онгоцны буудлаас Хонгконг руу хөөрөхөөр бэлтгэж байсан зорчигч тээврийн онгоц осолдсон харамсалтай хэрэг нэгдүгээр сарын 28-нд гарсан. Гал онгоцны зүүн хойд хэсгийн дээд талын тээшнээс гарч эхэлсэн. Тодруулбал, тээшний саванд байсан зөөврийн цахилгаан банкнаас гал гарч, энэ нь онгоц осолдох гол шалтгаан болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Иймд “Air Busan” компани зөөврийн цахилгаан банкийг бүхээг доторх тээшний саванд хадгалахыг зөвшөөрөхгүй гэсэн шинэ журам гаргалаа.
Зорчигчдын гар тээшийг онгоцны хаалга хэсэгт шалгаад, зөөврийн цахилгаан банкгүй бол цааш нэвтрүүлэх туршилтыг Баасан гарагаас эхлүүлнэ. Хэт халалт, утаа, галыг хурдан илрүүлж, арга хэмжээ авах боломжтой гэдэг үүднээс зорчигч зөөврийн цахилгаан банкаа зайлшгүй шаардлагатай бол биедээ ойр авч явж болно. Тээшиндээ бол хэзээ ч повер банкаа хийж болохгүй. Таныг дуудаж ачааг тань задлахаас эхлээд дамжин өнгөрөх бол дараагийн нислэгээсээ ч хоцрох эрсдэлтэй. Тэд аюулгүй нислэгийг нэгдүгээрт тавьж байна. Эргэлзээтэй тээштэй бол таныг авч үлдэх тэдний хувьд үүргээ л биелүүлсэн гэсэн үг.