“Ньюкасл” баг Английн лигийн цомын финалд шалгарчээ
Английн лигийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод “Ньюкасл” баг талбайдаа Лондоны “Арсенал” багийг 2:0 харьцаагаар буулган авснаар финалд шалгарлаа.
Гоолуудыг Жейкоб Мөрфи /19 дэх минут/, Энтони Гордон /52/ нар оруулсан байна.
Эхний тоглолтод мөн адил 2:0 харьцаагаар хожсон “Ньюкастл” одоо “Ливерпүүл”, “Тоттенхэм” багуудын ялсантай нь цомын төлөө өрсөлдөнө. Хагас шигшээгийн эхний тоглолтод “Тоттенхэм” хожсон бол хариу тоглолт баасан гаргийн 04 цагт /УБ цагаар/ эхэлнэ.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/SEI153104256.jpg-1024x705.webp)
Харин финалын тоглолт гуравдугаар сарын 16-нд Лондоны “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно. “Ньюкасл” баг Английн лигийн цомын тэмцээний финалд гурав дахь удаагаа шалгарч байгаа боловч түрүүлж байгаагүй ажээ. Өмнө нь 2023 онд болсон шийдвэрлэх тоглолтод “Манчестер Юнайтед” багт 0:2 харьцаагаар, 1976 онд “Манчестер Сити” багт 1:2 харьцаагаар хожигдож байв.
Английн лигийн цомын тэмцээн 1960 оноос хойш явагдаж байгаа бөгөөд түүнд дөрвөн дивизионы клубууд оролцдог бөгөөд цом хүртсэн баг дараагийн улиралд Конференцийн лигт тоглох эрхийг авдаг.
Одоо цомыг эзэмшиж буй “Ливерпүүл” баг тус тэмцээнд хамгийн олон буюу 10 удаа түрүүлжээ.