Бенну астероид 157 жилийн дараа дэлхийг мөргөж их мөстлөг болно гэж тооцоолжээ
Одон орон судлаачдын тооцооллоор, 2182 оны есдүгээр сард Бенну дэлхий рүү мөргөлдөх магадлал нь 2700-д 1 буюу 0.037 хувьтай байна. Энэ нь маш бага боломжтой ч, хэрэв мөргөлдөх юм бол дэлхий даяар өргөн хүрээтэй хохирол учруулж, уур амьсгал, газар, далай дахь экосистемд томоохон өөрчлөлтүүдийг авчрах магадлалтай гэнэ.
НАСА-гийн OSIRIS-REx миссийн хүрээнд дэлхий рүү буцаасан дээжийн сүүлийн үеийн судалгаагаар Бенну нь 500 метрийн диаметртэй, дунд зэргийн хэмжээтэй астероид бөгөөд амьдралын үндэс болсон химийн бодисуудыг агуулдаг. Түүнтэй адил 66 сая жилийн өмнө дэлхий рүү мөргөлдсөн 10 километрийн диаметртэй астероид нь үлэг гүрвэлийн мөхлийн шалтгаан болсон билээ.
Беннугийн дэлхийтэй мөргөлдөх боломж нь маш бага ч, судлаачид энэ үйл явдлын нөлөөг загварчилж, дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж, экосистемд удаан хугацааны турш өөрчлөлтүүдийг үүсгэж болохыг судалжээ. Тэдний тооцоогоор, ийм мөргөлдөөн нь дэлхийн өвлийн нөхцөл үүсгэж, хур тунадасны хэмжээ буурч, манай гаригийг хөргөхөд хүргэж болох юм.
Мөн, эртний хүмүүс эдгээр астероидын мөргөлдөөний үед ижил төстэй нөхцөл байдалд амьдарч байсан байж магадгүй гэж судлаачид дүгнэжээ. Өмнөд Солонгосын Пусан үндэсний их сургуулийн Уур амьсгалын физикийн IBS төвийн доктор Лан Дай “Бидний эртний өвөг дээдэс эдгээр дунд хэмжээний астероидын мөргөлдөөнийг туулж, тэр ч байтугай бидний хувьсал, генетикийн бүтэцтэй холбоотой үр дагавар үүсгэсэн байж магадгүй” гэж онцолсон байна.
Эдгээр судалгаанууд нь Бенну болон бусад дунд зэргийн астероидын дэлхийтэй мөргөлдөх магадлалыг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн ирээдүйн аюул эрсдэлийг ойлгоход туслах ач холбогдолтой юм.