Дэлхийн хөгжмийн дөрөв дэх том экспортлогч: Өмнөд Солонгос
Өмнөд Солонгос улс өнгөрсөн онд дэлхийн хөгжмийн дөрөв дэх том экспортлогч болж, АНУ, Их Британи, Канад улсын араас бичигдлээ.
АНУ-д төвтэй хөгжим, энтертайнмент судалгааны “Luminate” компаниас “Luminate Export Power Score” буюу 2024 оны дэлхийн хөгжмийн экспортод үзүүлэх улсын нөлөөллийн үнэлгээг гаргажээ.
Тус компанийн мэдээлснээр уг зэрэглэлийг тухайн улсын уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээ, мөн тэдгээр дуу хөгжмийг импортолж буй улс орны тоо, тухайн зах зээлд тоглуулагдаж буй үзүүлэлт, олон улсын үзэгчдэд хүрч буй үзэлтийн тоо зэрэг хүчин зүйлсэд үндэслэн эрэмбэлсэн байна.
2024 онд Японы Spotify платформ дээр хамгийн их тоглогдсон 50 уран бүтээлчид дунд Өмнөд Солонгосын олон артистууд багтсан байна. Тус жагсаалтын 14 дүгээрт BTS хамтлаг, 17 дугаарт TWICE хамтлаг, 18 дугаарт NewJeans зэрэг уран бүтээлчид багтаж, К-поп урсгалын Японы хөгжмийн зах зээл дэх хүчтэй байр суурийг илтгээд буй.