Бизнес

Хятад улс Америкийн бараанд нэмэлт татвар ногдуулжээ

Хятадын тал АНУ-аас импортолж буй нүүрс, шингэрүүлсэн байгалийн хий болон бусад зарим бараа бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Төрийн зөвлөлийн Тариф тогтоох, ангилах хороо мэдээлжээ.

АНУ-аас импортолж буй зарим бараа бүтээгдэхүүнд хоёрдугаар сарын 10-ны өдрөөс нэмж татвар ногдуулна гэдгийг мэдэгдэлд дурдсан байна. Тодруулбал, нүүрс болон шингэрүүлсэн хийд 15 хувь, түүхий газрын тос, хөдөө аж ахуйн машин механизм, их даацын автомашин, пикап машинд 10 хувийн татварыг тус тус нэмж ногдуулахаар шийдвэрлэжээ. 

Хятадаас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд нэмэлт 10 хувийн татвар ногдуулах тухай АНУ-ын гаргасан шийдвэрийн эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) гомдол гаргасан гэдгээ БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн байна. Түүнчлэн вольфрам, теллур, висмут, молибден, индий зэрэг ховор металлтай холбоотой бараа бүтээгдэхүүнд экспортын хяналтыг нэвтрүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас импортолж буй бараанд 10 хувийн татвар ногдуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Үүний хариуд Хятадын Худалдааны яам ДХБ-д гомдол гаргаж, зохих хариу арга хэмжээг авна гэж мэдэгдсэн бол Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ “худалдаа, тарифын дайнд ялагч гэж үгүй” хэмээн анхааруулсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button