Instagram “Reels”-ийг түр зогсоох товчлуур туршиж байна
“Meta” компани “Instagram”-д Reels видеог нэг товшилтоор түр зогсоох шинэ функцыг туршиж эхэлжээ. Хэрэв туршилт амжилттай хэрэгжвэл хэрэглэгчид ганц товшилтоор видеог тоглуулах эсвэл зогсоох боломжтой болох юм. Өмнө нь нэг товшилтоор дууг хааж, дэлгэц дээр хуруу салгалгүй удаан дарснаар бичлэгийг зогсоодог байсан.
Энэхүү шинэчлэл нь АНУ дахь “TikTok”-ийн ирээдүй бүрхэг байх үед ийнхүү гарч байгаа юм. “TikTok” платформ энэ сарын эхээр АНУ-д хориглогдон, Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигаар үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа ч дөрөвдүгээр сарын 5-наас бүрмөсөн хориглогдох эрсдэлтэй хэвээр байна.
Мөн “Meta” компани “Edits” нэртэй видео засварлах шинэ аппликейшн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь “ByteDance”-ийн “CapCut”-тай өрсөлдөх аж. “Meta” уг аппликейшнийг хоёрдугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна “Meta” компани “TikTok”, “Snapchat”, “YouTube Shorts” зэрэг платформ дээр контент бүтээгчдэд мөнгө төлж, “Instagram”-ийг сурталчлуулах бодлого баримтлаад байгаа юм.
“Meta” компани дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар бага зэрэг өсчээ. Гүйцэтгэх захирал Марк Закерберг “TikTok”-ийн хувь заяанаас үл хамааран “Reels”-ийн өсөлт үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.