ADHD эмгэгтэй насанд хүрэгчдийн дундаж наслалт богино байдгыг илрүүлжээ
ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй насанд хүрэгчид дунджаас эрт нас бардаг болохыг өнгөрсөн долоо хоногт Кембрижийн их сургуулийн “British Journal of Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Их Британид 300 мянга гаруй хүний эрүүл мэндийн цахим мэдээлэлд шинжилгээ хийсэн тус судалгаагаар ADHD-ийн эмгэгтэй эрэгтэйчүүд нийт хүн амын дундаж наслалтаас 6.8 жилээр, харин эмэгтэйчүүд 8.6 жилээр богино насалж байгааг олж илрүүлсэн байна.
Судалгааны үр дүн “маш ноцтой” асуудлыг ил болгож буйг судалгааг хийсэн эрдэмтэд онцолсон байна.
ADHD-тэй хүмүүсийн эрт нас барах эрсдэл өндөр байгаа нь эрүүл мэндийн дэмжлэг, үйлчилгээ дутмаг, мөн амьдралын буруу хэвшилд автамтгай байдлаас нь шалтгаалдаг байж болзошгүй аж.
“Энэ эмгэгээр оношлогдсон хүмүүс хэтрүүлж идэх, тамхи татах, эрсдэлтэй үйлдэлд дурлах зэрэг амьдралын эрүүл бус хэвшилтэй болох магадлал өндөр байдаг нь наслалт богиносоход голлон нөлөөлж байна” гэж Лондоны “King’s College”-ийн нейро-сэтгэл судлалын профессор Филипп Акерсон дурджээ.
Үүнээс гадна дархлааны тогтолцооны эмгэг болон физиологийн эрүүл мэндийн бусад эмгэгтэй биологийн холбоотой байж магадгүй аж. ADHD-ийн эмгэгтэй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад сургууль, ажлын байранд бэрхшээлтэй тулгарах нь элбэг, мөн физиологийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд ч сул байдгийг судалгаанд онцолжээ.
Дэлхийн нийт насанд хүрсэн хүмүүсийн гурав орчим хувь нь ADHD-ийн эмгэгтэй гэсэн тооцоо бий. АНУ болон Дани зэрэг бусад өндөр хөгжилтэй орнуудад хийсэн судалгаа мөн дээрхтэй ижил төрлийн үр дүн харуулж байв.
“Эдгээр үр дүн сэтгэцийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэйг харуулж байна. Ингэснээр хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлж чадна” гэж “King’s College”-ийн сэтгэл судлалын профессор Оливер Хауэс хэлжээ.