Өдрийн дотор $600 тэрбумыг алдсан “Nvidia”
AI технологиор хурдацтай өссөн томоохон технологийн компаниудын ачаар Nvidia компани 2023 онд дэлхийн хамгийн үнэтэй таван компанийн нэг болж, Альфабет, Майкрософт, Apple-ийг давж, өндөр үнэлгээтэй болж чадсан.
Гэсэн ч БНХАУ-ын “DeepSeek” стартап хиймэл оюуны моделийнхоо шинэ хувилбарыг танилцуулснаас үүдсэн технологийн салбарын хувьцааны уналт даамжирч, “Nasdaq 100 Index”-ийн нийт үнэлгээ нэг өдрийн дотор бараг нэг их наяд ам.доллароор буураад байна.
Даваа гаригт болсон тус үйл явдлын үр дүнд Apple компани дэлхийн хамгийн үнэтэй компанийн байр суурийг дахин авсан бол Nvidia-ийн үнэлгээ 2.9 их наяд ам.доллар болж буурсан байна.
Тус уналт нь зах зээлийн үнэлгээг 600 тэрбум ам.доллараар бууруулжээ. Энэ нь АНУ-ын хувьцааны зах зээлийн түүхэн дэх хамгийн том зах зээлийн үнэлгээний алдагдал гэж Bloomberg мэдээлжээ. Мөн энэ нь түүхэн дэх хоёр дахь хамгийн том уналтаас хоёр дахин их бөгөөд, энэ нь Nvidia-ийн хувьцаа эзэмшигчид 2024 оны 9-р сард үзсэн 279 тэрбум ам.долларын алдагдлын хэмжээтэй харьцуулахад хоёр дахин илүү юм.
“DeepSeek” хиймэл оюуны загварын өсөлт зах зээлийн хөдөлгөөнд нөлөөлснөөр “Nvidia”-ийн хувьцааны ханшаас гурав дахин их өгөөж хүртэх хөшүүрэгтэй “Leverage Shares 3x NVIDIA ETP” 52 хувиар унаж, хөрөнгийнхөө талаас илүү хувийг алдлаа.
Харин салбарын гол тоглогч “Nvidia” компанийн хувьцаа 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 589 тэрбум ам.доллар арчигдав. БНХАУ-ын технологийн ахицыг сааруулах зорилготой АНУ-ын хориг арга хэмжээг үл харгалзан “DeepSeek” өрсөлдөх чадвартай хиймэл оюуны модель бүтээж чадсаныг энэ нь харуулж байна.
Технологийн компаниудын хувьцааны ханш эрс буурснаар “Nvidia”-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуан тэргүүтэй дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхэм хөрөнгөнөөсөө 108 тэрбум гаруй ам.доллар алдаад байна.
Хөрөнгийнх нь дийлэнх хэсгийг хиймэл оюунтай холбоотой компаниуд бүрдүүлдэг тэрбумтнууд хамгийн их хохирол амссан гэж хэлж болохоор байна. Жишээлбэл: Женсен Хуаны хөрөнгө 20.1 тэрбум ам.доллар буюу 20 хувиар буурсан бол “Oracle” корпорацын үүсгэн байгуулагч Ларри Эллисон 22.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь нийт алдагдлынхаа хэмжээгээр нэгдүгээрт бичигдэхээр дүн болсон ч түүний нийт хөрөнгийн 12 хувьтай тэнцэхээр дүн юм. Мөн “Dell”-ийн Майкл Делл 13 тэрбум ам.долларын, “Binance Holdings”-ийг үүсгэн байгуулагч “CZ” буюу Чанпэн Жао 12.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.