Цахим мацаг гэж юу вэ?
Цахим ертөнц дэх зах хязгааргүй мэдээллийн далайд хөвж бусдын Instagram Stories, Facebook постонд автсаар сэтгэлзүйн хувьд өөртөө үл таалагдах, цаг зав болон амьдралын чанарын хувьд дордож буй мэт мэдрэмж төрж байсан уу? “Чимээ шуугиантай ертөнцөд өөрийн амьдралд төвлөрөх нь” гэсэн тодотгол бүхий “Дижитал минимализм” номын зохиогч Кал Ньюпортын боловсруулсан цахим мацаг барих энгийн аргуудыг хэрэгжүүлснээр бид илүү цаг завтай, бүтээлч, бие сэтгэлийн хувьд амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжтой болох билээ.” Дижитал минимализм гэдэг нь интернэтэд онлайн байх хугацаагаа зөвхөн өөрт чухал хэрэгцээтэй зүйлд зориулхыг хэлнэ” хэмээн уг номын зохиолч томьёолжээ.
Хүн өдөрт дунджаар гурван цаг орчим интернэтийг идэвхтэй ашигладаг гэсэн олон улсын тооцоолол байдаг бол Монголчуудын дундаж хугацаа нь дөрвөн цаг есөн минут байдаг байна. Үүн дээр зурагтаар шоу, Netflix-ээр кино үзэх цагийг нэмж тооцвол 24 цагийн найман цагт нь унтаж, найман цагт нь ажиллаж, үлдсэн цагт нь дэлгэц ширтэж өнгөрөөдөг байх нь.
Цахим донтолтыг анагаах ерөндөг бол цахим хэрэглээний мацаг барих бөгөөд үүний тулд дараах энгийн хэдэн алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.
ӨӨРИЙН ТЕХНОЛОГИЙН ДҮРМЭЭ ТОДОРХОЙЛ
Энэ нь утас, ухаалаг цаг, зөөврийн компьютер болон таблет дээрээ байгаа бүх төрлийн аппликэйшнаа амин чухал хэрэгцээтэй гэсэн цөөн тооны хэдийг л авч үлдээд бусдыг нь устгах юм.
30 ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВ
Эхний алхмыг хийсний дараа ухаалаг утсаа хий дэмий ухалгүйгээр нэг сар амьдрах хэв маягаа өөрчлөөд үзээрэй. Ингэхдээ 30 хоногийн турш хэрэгжүүлэх идэвхтэй амьдралын төлөвлөгөө боловсруулж, жагсаалт гаргаад, журамд нь оруулсан технологийн дүрмийнхээ хамт нүдэнд харагдах газарт наах хэрэгтэй. Утастайгаа зууралдахгүй болсноор танд маш их цаг зав, оюуны болон энергийн төвлөрөл үүсэх учраас санааны үзүүрт үргэлж хийж үзэхийг, шинээр сурахыг хүсдэг байсан зүйлсээ туршиж, шинэ хобби, хүрээлэл, хүсэл тэмүүллээр чөлөөт цагаа дүүргэх нь зүйтэй.
АЛЬ ТЕХНОЛОГИЙГ АВЧ ҮЛДЭХЭЭ ШИЙД
Нэг сарын цахим хэрэглээний мацаг тань дуусмагц өөрөөсөө дараах гурван асуултыг асуугаад аль технологийг авч үлдэхээ нэг мөр шийдээрэй.
1. Миний чухал зүйлсэд энэ технологи үнэхээр хэрэг болдог уу?
2. Энэ технологи миний чухал зүйлсэд хэрэг болох хамгийн зөв арга зам (хэрэгсэл) мөн үү?
3. Би энэ технологиор дамжуулан өөрт чухал зүйлсийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сөрөг нөлөөнд нь хэрхэн автахгүй байх вэ? Мацаг дууссаны дараа ямар аргаар тайлах нь бүхий л үр дүнг тодорхойлдог учраас аппликэйшн бүр дээр маш нухацтай хандаж, цаашид урт удаан амьдралынхаа туршид мөрдөхүйц дүрэм зохицуулалттай болж, түүндээ тууштай үнэнч хандахыг зөвлөе.