Life

Лос-Анжелесын гал түймрийн хохирлын хэмжээ хамгийн багадаа $250 тэрбум хүрнэ гэх тооцоо гарчээ

АНУ-ын хоёр дахь том хот Лос-Анжелесыг нөмөрсөн ой хээрийн түймрийн учруулсан хохирлын хэмжээг тодорхойлох ажил үргэлжилж байна. Сүүлийн байдлаар тус хотод 24 хүн амиа алдаж, 12,300 орчим барилга байгууламж шатсаныг эрх баригчид мэдээлжээ. Нийтдээ 40,000 акр газар түймэрт өртөж, олон мянган хүн орон гэрээсээ дүрвээд байна. Энэ долоо хоногийн сүүлээр дэгдэх хүчтэй салхи гал түймрийг унтраах ажилд нэлээд саад учруулах төлөвтэй байгаа юм. AccuWeather цаг уурын байгууллага энэ удаагийн гамшгийн хохирлын хэмжээг $250-$275 тэрбум гэж тооцоолжээ. Хохирлын бодит хэмжээ гал түймэр бүрэн унтрах хүртэл тодорхой болохгүй бөгөөд сэргээн босголтын ажил олон жил үргэлжлэх төлөвтэй байна.

1980 оноос хойш АНУ даяар $1 тэрбумаас дээш хэмжээний хохиролтой 400 гаруй байгалийн гамшигт үзэгдэл бүртгэгдсэнийг Үндэсний Байгаль Орчны Мэдээллийн Төв мэдээлжээ. Лос-Анжелесын түймрийн учруулсан хохирол түүхэн дээд хэмжээг тогтоох төлөвтэй байгаа гэнэ. AccuWeather хохирлын хэмжээг шууд болон шууд бус гэсэн хоёр ангиллаар тооцоолжээ. Шууд хохиролд сэргээн босголт, цэвэрлэгээ, түр хоргодох байр, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зэрэг зардлууд багтсан байна. Шууд бус хохиролд түймэрт өртсөн хүмүүсийн эмчилгээний зардал, бизнесийн үйл ажиллагаа болон иргэдийн цалин орлогын тасалдал зэрэг алдагдсан боломжуудыг оруулсан байна. Лос-Анжелесын хохирлын хэмжээ өндөр байгаа нь тэнд байдаг үл хөдлөх хөрөнгүүдийн өндөр үнэтэй холбоотой гэнэ. Тухайлбал алдартнуудын хороолол болох Номхон далайн эргийн Палисэйдст нэг хувийн орон сууцны дундаж үнэ $3.5 сая байдаг. Хохирлыг холбооны болон орон нутгийн засаг захиргаа, даатгалын байгууллагууд, иргэд өөрсдөө үүрэх нь тодорхой байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гал унтраах үйл ажиллагааны нийт зардлыг холбооны засаг захиргаа бүрэн хариуцахаар болсныг мэдэгдсэн юм. Бас хохирсон иргэн бүрд эхний ээлжид $770-ын мөнгөн тусламж үзүүлэхээр болсныг зарлажээ. Гэхдээ Байдены төлөвлөгөөг Конгресс батлах шаардлагатай. Бас ирэх долоо хоногт үүрэгт ажилдаа орох ерөнхийлөгч Дональд Трамп ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. 2012 онд АНУ-ын зүүн эрэгт дэгдсэн Сэнди хар салхины гамшгийн дараа Конгресс $20 тэрбумын тусламжийн төсөв баталж байв. 2005 оны Катрина хар салхины гамшиг $201.3 тэрбумын хохирол учруулахад холбооны засаг захиргаа тодорхой хэсгийг нь төлж байжээ. Ямартай ч ийм байгалийн гамшгаас учирсан хохирлыг эрх баригчид бүрэн төлдөггүй ихэнх нь өртсөн иргэдийн халааснаас болон даатгалын компаниудаас гардаг юм байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button