Дэлхийн банкнаас $47 саяын зээл авч, эрчим хүчний салбарт зарцуулна
Багануур-Чойр чиглэлийн 188 км, 220 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам барих, дэд станцыг өргөтгөх ажилд Дэлхийн банкнаас 47 сая ам.долларын зээл авах болсон тухай Сангийн сайд мэдээллээ.
“Эрчим хүч-3” буюу Багануур- Чойр чиглэлийн цахилгааны агаарын шугам татах, дэд станцыг өргөтгөх төслийн хүрээнд Засгийн газар зээлийн хэлэлцээрийн гэрээг 2024.10.16-ны өдөр байгуулсан. Энэ төслийг Дэлхийн банкны 47 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж, 1.44 хувийн нэмэгдэлттэй хувьсах хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөж, 25 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр манай улсад зээлдүүлэх юм байна.
Уг зээлийн хөрөнгийг “Өрийн удирдлагын тухай хууль”-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна. Зээлийн хөрөнгө шилжиж орж ирэнгүүт бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.