Технологи

2030 он гэхэд AI нөлөөгөөр дэлхийн компаниудын 41 хувь ажлын байраа цомхотгоно

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар, 2030 он гэхэд компаниудын 41 хувь нь хиймэл оюуныг ажлын байрандаа нэвтрүүлж, олон ажлыг автоматжуулах замаар ажилтнуудаа цомхотгох төлөвтэй гэжээ.

Мөн компаниудын 77 хувь нь 2025-2030 оны хооронд ажилтнуудаа хиймэл оюуныг үр дүнтэй ашиглах чадварт сургах төлөвлөгөөтэй байна. Гэвч энэ удаагийн судалгаанд хиймэл оюун ажлын байрыг нэмэгдүүлэх эерэг үр дүнтэй хэмээн үзсэн өмнөх тайлангийн байр суурийг давтсангүй.

Хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлд нэвтэрснээр бичиг хэргийн ажилтан, нарийн бичиг, цалингийн тооцооны ажилтнуудын ажлын байр хамгийн ихээр буурах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, график дизайнер болон хууль эрх зүйн нарийн бичгийн ажлын байр ч хиймэл оюуны хөгжлийн нөлөөгөөр цөөрөх магадлалтай аж. Нөгөөтэйгүүр, хиймэл оюуныг эзэмшсэн ажилтнуудын эрэлт огцом нэмэгдэж байна. Компаниудын 70 орчим хувь нь хиймэл оюуны хэрэгсэл зохион бүтээх ур чадвартай ажилтнуудыг ажилд авах, харин 62 хувь нь  хиймэл оюуныг үр дүнтэй ашиглаж чадах ур чадвар бүхий хүмүүсийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Тайланд дурдсанаар, хиймэл оюуны гол нөлөө нь хүний ур чадварыг орлохоос илүүтэйгээр нэмэгдүүлж, хүн ба технологийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх боломжтой гэжээ. Гэвч “Dropbox”, “Duolingo” тэргүүтэй технологийн компаниуд хиймэл оюуныг нэвтрүүлж, ажлын байраа цомхотгосон тохиолдлууд гарсаар байна.

Хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлд томоохон сорилтууд авчирч байгаа ч хүний бүтээлч байдал, технологийн үр ашгийг хослуулсан шинэ ур чадвар, боломжуудыг нээх өргөн боломжийг олгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button