Life

Тамхи татвал 800,000 төгрөгөөр торгоно

Тамхи татах нь загварын ертөнцийн салшгүй нэгэн хэсэг. Хар өнгө хэзээд загварт томоохон байр суурь эзэлдэг шиг “тамхилах” соёл тус салбарынхны өргөн хэрэглээ болсоор ирсэн. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Италийн загварын төдийгүй санхүүгийн төв Милан хотод олон нийтийн газар, гудамж, талбайд “утаа баагиулах”-ыг хатуу хориглох журам хэрэгжиж эхэлжээ. Хэрэв тус хотын газар нутагт тамхи асаасан л бол 41-249 ам.доллар буюу 150,000-800,000 төгрөгийн торгуульд унана. Италийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр хүн амын дөрөвний нэг нь тамхи татдаг бөгөөд Милан хотын тамхины эсрэг журам тус улсын хэмжээнд хамгийн чанга, хатуудаа тооцогдож байна. Сонирхолтой нь, уг журамд зааснаар олон нийтээс тусгаарласан, тамхи татахад зориулсан орон зайд тамхи татах хүмүүс хоорондоо 10 метр зай барьж байх ёстой гэнэ. Милан хотын захиргаа 2020 онд цэвэр агаарын хууль баталж, хотын төв болон захын дүүргүүдийн агаарын бохирдлын 7%-ийг эзэлдэг тамхины хэрэглээг хязгаарлах эхний алхмуудыг хийж эхэлжээ. Улмаар, 2021 оноос автобусны зогсоол, задгай биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахыг хориглож байлаа. Харин шинээр баталсан журамд цахилгаан тамхинд хязгаарлалт тогтоогоогүй байна. Журам хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх найм хоногийн хугацаанд тамхины хориог эсэргүүцсэн тэрслүү этгээд нэг ч гарч ирээгүй байгаа аж.

Тамхины хорио 2026 онд болох Милан-Кортинагийн Өвлийн Олимпод оролцогчдод ч бас үйлчилнэ.

Итали улс дотор орчинд тамхи татахыг 2005 оноос хязгаарлаж эхэлсэн бөгөөд хот тус бүрийн захиргаа өөрсдийн онцлогт тохируулан нэмэлт өөрчлөлт оруулсаар иржээ. Жишээ нь, Турин хотод гадаад орчинд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дэргэд “утаа баагиулах” хориотой. Нийслэл Ромд томоохон зоогийн газрууд гадаах задгай талбайд зассан хоолны ширээний ард тамхи татахыг зөвшөөрдөг бол томоохон онгоцны буудлуудад терминал дотроо тамхичдын өрөөг тусгайлан гаргаж өгчээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button