Технологи

Хэрэглэгчдийн нууцлалыг зөрчсөн хэргээр “Apple” компани 95 сая ам.доллар төлнө

“Apple” компани дуу хоолойгоор утас удирдах “Siri” функц нь хэрэглэгчийн нууцлалын бодлогыг зөрчсөн хэргээр 95 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр тохиролцжээ.

Окланд хотын Холбооны шүүхэд гаргасан уг нэхэмжлэлд “Siri” заримдаа хэрэглэгчийн командгүйгээр идэвхжиж, хувийн яриаг бичиж аван гуравдагч этгээдэд, тухайлбал зар сурталчилгааны компаниудад дамжуулсан тухай дурджээ. Зарим хэрэглэгч хувийн ярианд дурдсан зүйлсийн тухай зар сурталчилгаа гарч ирсэн талаар гомдол мэдүүлсэн байна.

Хэрэв шүүхийн шийдвэр батлагдвал 2014 оны есдүгээр сараас 2024 оны арванхоёрдугаар сарын хооронд “Siri” ашигласан төхөөрөмжийн эзэмшигч бүрт 20 хүртэлх ам.долларын нөхөн төлбөр олгох юм. Гэхдээ “Apple” компани төлбөр төлөхийг зөвшөөрсөн боловч ямар нэгэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй аж.

Мөн нэхэмжлэгчдийн талын өмгөөлөгчид 28.5 сая ам.долларын хөлс болон 1.1 сая ам.долларын нэмэлт зардлыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан байна.

Үүнтэй төстэй “Google”-ийн дуу хоолой таних туслахтай холбоотой өөр нэг хэрэг тус бүсийн шүүхэд мөн хэлэлцэгдэж буй. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button