Түгжрэлийн хураамжтай АНУ-ын анхны хот Нью-Йорк болов
Нью-Йорк хот шинэ оноос эхлэн автомашинуудаас түгжрэлийн хураамж авдаг АНУ-ын анхны хот болжээ. Жолооч нар тус хотын замын ачаалал ихтэй хэсгүүдээр зорчихдоо автомашины төрлөөс хамаараад өдөрт нэг удаа дунджаар $9-тай тэнцэх хэмжээний хураамж төлдөг болсон байна. Хураамжтай хэсгүүдэд төв цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд бүс, Эмпайр Стэйт Билдинг, Таймс Скюар, Уол Стрит орчмын санхүүгийн дүүрэг зэрэг газрууд багтжээ. Шинэ журам нь Нью-Йоркийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч уг хураамж тус хотын хамгийн алдартай уугуул оршин суугчдын нэг Дональд Трамп зэрэг хүмүүсийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байна. Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул түгжрэлийн хураамжийг бүр хоёр жилийн өмнө анх санаачилсан ч эсэргүүцэлтэй тулгарсаар хэрэгжиж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Ихэнх жолооч нар замын ачааллын оргил үеэр түгжрэлтэй бүсэд нэвтрэх бол өдрийн $9 төлдөг болжээ. Харин оргил үеэс бусад цагт $2.25 төлөх юм байна.
Харин бага оврын ачааны автомашинууд, нийтийн тээврийн бус зориулалттай автобуснууд Манхэттэн дүүрэгт оргил цагаар нэвтрэхдээ $14.40 төлөх бол том оврын автомашинууд, жуулчдын автобуснууд $21.60 төлөх ажээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа төрөлх хотод нь тогтоосон энэ журмыг цуцлахаа амлаад байна. Бүгд Найрамдах намынхан ч түүнээс ингэхийг уриалж байгаа. Тухайлбал Нью-Йоркоос сонгогдсон Конгрессын гишүүн Майк Лоулер арваннэгдүгээр сард энэхүү “утгагүй дээрмийг нэн даруй зогсоохыг” Трампаас хүсэж байв. INRIX замын ачааллын мэдээлэл боловсруулагч компани өнгөрсөн оны дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор Нью-Йоркийг хоёр дахь жилдээ дараалан тодруулсан юм. Тус байгууллагын тайланд дурдсанаар өнгөрсөн оны эхний улиралд өглөөний ачааллын оргил үеэр Манхэттэнд автомашины дундаж хурд 17 км/цаг байжээ