Тренд: Товчлууртай утас
Утсаар ярьж, мессеж бичих л зориулалттай энгийн утасны борлуулалт 2019 онд 400 сая байсан бол энэ тоо 2024 онд ойролцоогоор 4 дахин ихсэж нэг тэрбум 500 саяд хүрсэн байна.
Эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг анзаарсан гар утас үйлдвэрлэгчид ч энгийн утсыг дахин үйлдвэрлэж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн сайн мэдэх Nokia 3310 утас 2017 оноос дахин худалдаалагдаж эхэлсэн билээ. Хэдийгээр Nokia нь функц, олон үйлдлээрээ хавьгүй дэвшилтэт Apple, Samsung-ийн утсуудтай өрсөлдөх боломжгүй ч батарейны ашиглалт, бат бөх чанараараа хэрэглэгчдийг дахин татаж эхэлсэн байна.
Ухаалаг биш утасны зах зээлд өрсөлдөгч компаниудын нэг нь Light Phone юм. Энэ нь Nokia 3310 зэрэг бусад ижил төрлийн утастай харьцуулахад Bluetooth-ээр чихэвчээ холбоод хөгжим, подкаст сонсож болдгоороо онцлог аж.
Тэд хүмүүс идэвхтэй, сошиал амьдралаасаа завсарлага авахыг хүссэн үедээ Light Phone-ийг хоёрдогч утас болгон ашиглах боломжтой хэмээн бодож анх зах зээлд гаргажээ. Гэвч хэрэглэгчдийн хандлага тэдний хүлээлтээс тэс өөр байсан байна. Учир нь Light Phone-ийг одоо хэрэглэж буй хүмүүсийн тал нь үүнээс өөр нэмэлт утас барьдаггүй гэнэ. Түүнчлэн гол хэрэглэгчид нь 25-35 насныхан байгааг тэд онцолсон юм.