Монгол Улс уур амьсгалын урьдчилсан мэдээг боловсруулах Суперкомпьютертэй боллоо
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөвийг олон загвараар нарийвчлан гаргах чадвартай өндөр хурдны суперкомпьютертэй боллоо.
Уг суперкомпьютер нь одоо байгаагаас 16 дахин хурдан, мэдээлэл хадгалах багтаамж нь ойролцоогоор 20 дахин их бөгөөд агаар мандлын загваруудын орон зайн нягтаршил болон нарийвчлалыг нэмэгдүүлэх, урьдчилан таамаглал хийхэд зориулсан динамик загвар ашиглах боломжтой аж.
Ингэснээр цаг агаарын тодорхойгүй байдлыг дөхүүлэх, урьдчилсан мэдээний чанар сайжрахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг олон загвараар нарийвчлан тооцоолох боломжтой боллоо. Түүнчлэн, үндэсний болон бүсийн хэмжээний бэлчээрийн менежмент, мал аж ахуйн салбарт чиглэсэн байгалийн нөөцийн менежментийн төлөвлөлт хийх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай цаг уурын урьдчилсан мэдээлэл, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөллийг илүү нарийвчлал өндөртэй гаргаж өгч, судалгааны ажлын үр дүн, бодит байдлыг нэмэгдүүлэх чадамжтай болж байна.