Life

Бразил гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо

Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэгдэж байсан Японы иргэн 116 настай Томико Итүока өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд нас барснаар түүний байр суурийг Бразилийн иргэн эзлэх болжээ. Католик сүмийн гэлэнмаа Ина Канабарро Лукас 1908 оны зургаадугаар сарын 08-нд төрсөн бөгөөд өдгөө 116 нас 212 хоногтой. “LongeviQuest” байгууллагын мэдээлснээр зуун дамнан амьдарсан өндөр настанг түүний төрөх үеийн албан ёсны бичиг баримтыг дахин нягталж, дэлхийн хамгийн өндөр настай хүн мөн болохыг баталгажууулсан гэлээ.

Харин тэрбээр дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр насалсан хүмүүсийн жагсаалтын хорьдугаарт эрэмбэлэгдэж байна. Уг жагсаалтын нэгдүгээрт 1997 онд нас барсан Францын иргэн Жанна Калмент гэх эмэгтэй 122 насалснаар бичигддэг юм.

Манай гарагийн хамгийн өндөр настай Канабарро гэлэнмаа ийн урт насалсныхаа нууцыг католик шүтлэгтэйгээ холбон тайлбарлаж байна. Хэдийгээр тэрбээр тэргэнцэр дээр сууж, хөдөлгөөний хязгаарлагдмал нөхцөлд аж төрдөг ч хөлбөмбөгийн жинхэнэ фанат гэнэ.

Сонирхуулахад Ина Канабарро гэлэнмааг 110 нас хүрсэн өдөр Ромын Пап лам Францис түүнд хүндэтгэл үзүүлж, 118 насалсан Луциль Рандоны удаах хамгийн өндөр настай гэлэнмаа хэмээн тодорхойлж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button