Автомашины татвар 3-5 дахин нэмэгдлээ
Нийслэл Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа дээрх татвар, төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлсэн бөгөөд тус нэмэгдлээр нийслэлийн төсөвт 200 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлэх тооцоог хийсэн.
Тодруулбал, автомашины хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч 36 мянгаас 300 мянган төгрөгийг жил бүр бүр тээврийн хэрэгслийн албан татварт төлдөг байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар гурван дахин нэмэгдсэнээр 1500см3 хөдөлгүүрийн багтаамжтай жижиг оврын автомашины албан татвар 36 мянгаас 108 мянган төгрөг болсон. Харин зам ашигласны төлбөр 20 мянган төгрөг төлж байсныг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон.
Харин 3500 см3 хөдөлгүүрийн багтаамжтай буюу дунд оврын автомашинтай иргэн 114,048 төгрөгийн албан татвар төлж байсан бол албан татварын хэмжээ 3 дахин нэмэгдүүлж 341250 төгрөг төлнө. Мөн 3500см3 хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 40 мянган төгрөгийг зам ашигласны төлбөрт төлдөг байсан бол энэ төлбөр 5 дахин нэмэгдэж 200,000 төгрөг төлнө.
2,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 100,000 төгрөг 2,001-3,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 150,000 төгрөг 3,001-4,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 200,000 төгрөг 4,001-ээс дээш моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 250,000 төгрөг төлнө.