АНУ-ын эрүүл мэндийн төв архины лонхон дээр хорт хавдрын анхааруулга байрлуулахыг уриаллаа
Баасан гарагт АНУ-ын засаг захиргаанд нийтийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөх үүрэгтэй “US surgeon general” байгууллагын тэргүүн архи, согтууруулах ундааны лонх, саван дээр хорт хавдрын анхааруулга байрлуулдаг болохыг уриалжээ.
Согтууруулах ундааг өдөр бүр хамгийн бага хэмжээгээр хэрэглэхэд ч хөх, бүдүүн гэдэс, элэг болон бусад төрлийн хорт хавдрын эрсдэл нэмэгддэг болохыг шинжлэх ухаан нотолж байгааг АНУ-ын ерөнхий мэс засалч Вивек Мурти ээлжит зөвлөмждөө анхааруулсан юм.
Түүний мэдэгдлийн улмаас өчигдөр дэлхийн томоохон архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш унасан байна.
Тухайлбал Jack Daniel брэндийг эзэмшигч Brown-Forman компанийн хувьцаа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн арилжааны үеэр 3 орчим хувиар унаж, 2017 оны дөрөвдүгээр сараас хойших хугацааны хамгийн доод түвшиндээ хүрчээ.
Үүнтэй зэрэгцэн Coors Light шар айргийг үйлдвэрлэгч Molson Coors компанийн хувьцааны ханш 2.7 хувиар унасан юм.
Corona шар айраг үйлдвэрлэгч Constellation Brands компанийн хувьцаа 1.3 хувь, Boston Beer компанийн хувьцаа 3 хувиар тус тус унажээ.
Муртийн гаргасан зөвлөмж хэрэгжих эсэх, хэрвээ хэрэгжвэл хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. Эцсийн шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргах юм.
“Ихэнх америкчууд тааруулж хэрэглэхэд ямар ч асуудалгүй гэдэгт итгэдэг. Тамхины хайрцаг дээрх анхааруулга хүмүүсийн хэрэглээнд төдийлөн нөлөө үзүүлээгүй. Тиймээс архины лонхон дээрх анхааруулга бас үр дүнтэй болохгүй гэж би бодож байна” гэж Running Point Capital санхүүгийн зөвлөх компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Майкл Эшли Шулман ярьжээ.
Өчигдрийн зах зээлийн доргилт АНУ-аар хязгаарлагдсангүй.
Дэлхийн хамгийн том согтууруулах ундаа үйлдвэрлэгч Diageo компанийн хувьцаа Европын хөрөнгийн зах зээлийн арилжааны үеэр 3.7 хувиар унасан юм. Martell коньяк, Absolut цагаан архи, Mumm шампайн дарсны үйлдвэрлэгч Францын Pernod Ricard компанийн хувьцаа 3 хувиар, Remy коньяк үйлдвэрлэгч болон Италийн Campari группийн хувьцаа тус бүр 4.5 хувиар унажээ. Уналт шар айраг үйлдвэрлэгчдийг ч тойрсонгүй. Budweiser брэндийн Anheuser-Busch InBev компанийн хувьцаа 2.7, Heineken, Carlsberg брэндүүдийн эзэмшигчийн хувьцаа 1 гаруй хувиар унасан байна.