Оны эхний өдөр АНУ-ын Нью-Орлеанд террорист халдлага гарчээ
Шинэ оны эхний өдөр буюу Лхагва гарагт АНУ-ын өмнөд эргийн Луизиана мужийн хамгийн том хот Нью-Орлеанд террорист халдлага гарсны улмаас 15 хүний амь үрэгджээ.
Шинэ оны эхний өглөө тус хотын аялал жуулчлалын төв Франц дүүрэгт нэг этгээд пикап төрлийн автомашинаар цугларсан хүмүүс рүү дайрсан байна. Үүний улмаас 15 хүн амиа алдаж, 35 хүн бэртэж гэмтжээ.
Халдлага үйлдэгч энэ үеэр цагдаа нарт буудуулж алагдсан бөгөөд АНУ-ын Техас мужийн 42 настай иргэн Шамсуд Дин Жаббар байсныг тогтоожээ.
Халдлага үйлдсэн автомашинд Исламын Улс байгууллагын туг далбаа байсан тул Холбооны Мөрдөх Товчоо “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөгчид Жаббарыг ганцаараа халдлага үйлдээгүй гэж үзэж байна.
Автомашинаас галт зэвсэг болон тэсрэх төхөөрөмжүүд илрүүлжээ. Шамсуд Дин Жаббар 2007 оны тавдугаар сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэл хугацаанд АНУ-ын зэвсэгт хүчинд хүний нөөцийн мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтнээр алба хааж байсныг тогтоосон байна.