Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцжээ
Орос, Украин улсууд өчигдөр буюу даваа гарагт Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар олзны цэргүүдээ солилцжээ.
Гэхдээ талуудын мэдээлсэн тоо адилгүй байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, цэргийн олзлогсдыг “150:150” гэсэн харьцаагаар солилцжээ. Оросын цэргийн алба хаагчдыг Беларусьт хүргэсэн бөгөөд эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлж байна гэж тус яам мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдээлэхдээ, 150 биш, харин 189 олзлогдогч Украинд буцаж ирсэн гэсэн байна. В.Зеленскийн мэдээлснээр, тэдгээрийн дотор янз бүрийн анги нэгтгэлийн алба хаагчид, мөн Мариуполь хотод Оросын цэргүүдэд олзлогдсон хоёр энгийн иргэн байгаа аж.
Орос, Украины талууд олзлогдгсон цэргүүдээ тогтмол солилцож байгаа юм. Оросын цэргүүд халдан довтолсноос хойш 59 удаа солилцоо хийсэн байна. Дайн эхэлснээс хойших хамгийн том солилцоо буюу “630:630” гэсэн харьцаагаар олзны цэргүүдийг солилцоход бэлэн гэдгээ ОХУ-ын Гадаад хэргийн яам 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгджээ. Украины тал энэ саналд хараахан хариу өгөөгүй байна.