179 хүн амь үрэгдсэн онгоцны ослын шалтгаан учир битүүлэг хэвээр байна
Ням гарагийн өглөө Jeju Air компанийн Boeing 737-800 онгоц БНСУ-ын өмнөд хэсгийн Муан хотын нисэх буудалд газардахдаа нислэгийн зурвас дээр гулсан замаасаа гарч, хашлага мөргөн дэлбэрчээ. Онгоцонд 181 хүн зорчиж явснаас хоёр онгоцны үйлчлэгч л амьд үлдсэнийг албаныхан мэдээлээд байна.
Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн олон хүн амь үрэгдсэн осол нь энэ болж байна. Хамгийн сүүлд 2002 онд Air China-ийн онгоц Бусанхотын ойролцоо осолдож, 129 хүн амиа алдаж байв. Мөн сүүлийн 10 жилд дэлхийд хохирлын хэмжээгээр хоёрдугаарт бичигдэх том осол болохыг Aviation Safety Network-ийн мэдээлэл харуулж байна.
Осолтой холбоотой хэд хэдэн учир битүүлэг зүйлс байгаа бөгөөд одоогоор шалтгааныг таамаглахад эрт болохыг мөрдөн шалгах албаныхан мэдээлжээ. Онгоц агаарт шувуу мөргөснөөс хөдөлгүүр нь гэмтсэн байж болзошгүй гэж яригдаж буй ч ийм зүйл тохиолдох нь маш ховор, мөн онгоц нэг хөдөлгүүртэйгээр тодорхой хугацаанд нисэх боломжтой тул шувуу мөргөөд осолдох магадлал тун бага аж. Түүнчлэн газардахын өмнө онгоцны дугуй дэлгэгдээгүйн шалтгаан тодорхой бус байна.
Jeju Air компани 15 жилийн настай тус онгоцоор 2017 оноос хойш нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд хуваарьт засвар үйлчилгээгээр ямар нэг гэмтэл согог илрээгүйг компанийн Гүйцэтгэх захирал Ким Е-Бэ мэдээлжээ. 737-800 онгоц нь сүүлд аюулгүй байдлын ноцтой асуудалд ороод байсан Boeing 737 Max-ийн өмнөх загвар нь юм.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгч нь онц байдлын дэглэм зарлаад бүтэлгүйтсэнээс хойш БНСУ улс төрийн гүнзгий хямралд ороод буй. Эмгэнэлт ослын дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Муг долоо хоногийн гашуудал зарлажээ.