Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх, нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг баталлаа
Засгийн газрын /2024-12-25/хуралдаанаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталлаа.
УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ хүүхэд хамгааллын үйлчилгээг улсын төсөв, орон нутгийн төсөв, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр, дотоод, гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж гэсэн 4 эх үүсвэрээс санхүүжүүлэхээр хуульчилж, тодорхой болгосон.
Мөн хуулийн 52.2-т Хүүхэд хамгааллын санхүүжилтийг энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр улс, орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр заасан.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу боловсруулсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг боловсруулахдаа хүүхэд хамгааллын санхүүжилтийн зураглалыг шинэчлэн боловсруулж, тухайн зураглалтай уялдуулан алхам бүрийн зохицуулалтыг аргачлалын төсөлд тусгалаа. Үүнд:
- Хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн, хамгаалах нөхөн сэргээх, үйлчилгээний болон урьдчилан сэргийлэх чиглэлээр гарах зардлын ангиллыг ялгаж өгсөн,
- Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг шийдсэн,
- Хүүхэд хамгааллын салбарт гарч болох зардлын дундаж нормативыг тогтоож өгсөн нь бусад салбарын хувьд жишиг болно,
- Хүүхэд хамгааллын батлагдсан төсвийг захиран зарцуулах, хэнд олгох, хэрхэн зарцуулах зохицуулалтыг тодорхой болгосон,
- Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд урамшууллыг олгох зохицуулалтыг тоорхой болгож, оруулсан,
- Үйлчилгээ болон санхүүжилтийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээг тодорхой болгосон.