Украины тал Хойд Солонгосын цэргийг олзолжээ
Оросын талд байлдаж буй Умард Солонгосын цэргийн албан хаагчийг Украины цэргийнхэн олзлон авсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээс эш татан “Ёнхап” агентлаг уламжиллаа.
“Бодит цагийн горимоор холбоотон улсын тагнуулын албатай мэдээлэл солилцсоны дүнд Умард Солонгосын шархадсан цэрэг олзлогдсон болохыг баталлаа” гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдэгдсэн бөгөөд харин хаана олзлогдсон гэдгийг дурдсангүй.
Үүнээс өмнөхөн олзлогдсон байж магадгүй Умард Солонгосын нэгэн цэргийн гэрэл зургийг Украины Телеграм сувгууд нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, “Мілітарний” сувагт мэдээлснээр, уг цэргийг Курск мужид олзолсон байна. Өмнө нь, Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, Умард Солонгосын тал Орос руу 12 мянган цэрэг илгээсэн бол Америкийн тагнуулын албаны мэдээллээр, Курск мужид байлдаж буй Умардын хэд хэдэн цэрэг Украины талд олзлогдсон байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн ярьснаар бол, Курск мужид болж буй байлдааны ажиллагааны явцад Умард Солонгосын 3 мянган гаруй цэрэг алагдаж, шархадсан байна. Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулын алба баталсан бөгөөд Умардын тал Орос руу нэмэлт хүч илгээхээр төлөвлөж байгаа ажээ.