Трампын тангараг өргөх ёслолд технологийн салбарынхан их хэмжээний хандив өргөнө
1-р сарын 20-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд технологийн салбар болон томоохон бизнес эрхлэгчид их хэмжээний хандив өргөж эхлээд байна. Одоогийн байдлаар хандивын аян түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш татварын хэмжээ, үйлдвэрлэгчдэд тавих хориг, эдийн засгийн хатуу бодлогоо танилцуулсны дараа тус улсын томоохон компаниуд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Учир нь шинэ засгийн газартай харилцан холбоотой байж хамтран ажиллах нь бизнес эрхлэгчдийн хувьд ашигтай байхаас гадна Трампын улс төрийн дэмжлэгийг авна гэж найдаж байгаа аж.
Хандивын аянд АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид болох Ford, General Motors компани тус бүр нэг сая ам.доллар өгөхөө амлаж тангараг өргөх ёслолд ашиглагдах автомашины асуудлыг шийдэхээр болсон байна. Үүнээс гадна Amazon, Meta, OpenAI зэрэг технологийн компаниуд мөн адил тус бүр нэг сая ам.доллар өгсөн бол Uber хоёр сая ам.доллар хандивлажээ.
Зарим компанийн өгч буй хандив тухайн байгууллагын гүйцэтгэх болон ерөнхий захирлуудын хувийн хөрөнгөнөөс гаргаж өгсөн гэж мэдээлжээ.
Доналд Трамп мэдэгдэхдээ “Технологийн салбарын удирдлагуудтай харилцаа сайн байгаа. Ирэх жил шинэ засгийн газраа байгуулахдаа тус салбарын албан болон албан бус төлөөлөгч томилно” гэжээ. Энэ мэдэгдэл нь АНУ-ын үйлдвэрлэгчдэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ашигтай ажиллах боломж, хуулийн зүгээс ээлтэй бодлого авч хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.