БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Суг бүрэн эрхээс нь түдгэлзүүллээ
БНСУ-ын парламент Ерөнхий сайд бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Суг огцруулах санал хураалтыг баталлаа. Энэ нь хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсний дараа гаргасан чухал шийдвэр болоод буй.
Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цэргийн онц байдал тогтоох оролдлого хийсэнтэй нь холбогдуулан бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, Хан Док Суг түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Гэвч сөрөг хүчнийхэн Ханыг Юны хэргийг шийдвэрлэхэд чухал алхмуудыг удаашруулж, парламентын шаардлагыг үл тоомсорлосон гэж буруутгажээ. Үүний улмаас нийт 192 гишүүн түүнийг огцруулахыг дэмжиж, шаардлагатай 151 саналын босгыг давсан байна.
Санал хураалтын үеэр парламентын танхимд эмх замбараагүй байдал үүсэж, эрх баригч Ард түмний хүч намын гишүүд эсэргүүцэл илэрхийлэв. Тэдний олонх нь санал хураалтад оролцохоос татгалзсан бөгөөд эсэргүүцлийн уриа хашхирч, Үндэсний ассамблейн спикерийг огцрохыг шаарджээ.
Хан Док Суг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн бөгөөд түүнийг огцруулах эсэхийг Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор шийдвэрлэх юм.
Тэгвэл Сангийн сайд Чой Сан Мог Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхээр болжээ. Улс төрийн энэ үл ойлголцол нь улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж, воны ханш ам.долларын эсрэг огцом унаж, сүүлийн 16 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Эрх баригч болон сөрөг хүчний аль аль нь үүссэн нөхцөл байдалд бие биенээ буруутгаж, улс төрийн үл ойлголцол улам гүнзгийрч буй аж.