Шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байхыг зорьж байна
Улаанбаатар хотын эрчим хүчний тасралтгүй байдлын талаар Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотын эрчим хүчийг энэ жил 200 МВт-аар нэмэгдүүлэх том зорилтдоо хүрсэн. Багануур дүүрэгт баригдсан 50 МВт-ын батарей станцыг Улсын комисс хүлээгээд авчихсан. Оргил ачааллын цагт ачааллыг хуваалцаж байна.
12 дугаар сарын 24-ны 09:00 цагт Бөөрөлжүүтийн 150 МВт-ын 1-р блокийн галлагаа хийгдээд одоогийн байдлаар галлагаа хэвийн үргэлжилж байна. Туршилт тохиргоо амжилттай болсон тохиолдолд 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд төвийн эрчим хүчний системтэй нэг системд холболт хийгдэж шинэ он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зорилтыг тавьж ажиллаж байна.
Техник технологийн хувьд хүндрэл үүссэн ч засварын ажил хийгдсэн. Он солигдох мөчид Бөөрөлжүүтийн хоёр станцаа хэвийн үйл ажиллагаанд нь оруулж чадвал өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний дутагдалгүй байна.
Өнгөрсөн жилийн өвлийн оргил ачааллаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 14 хувиар нэмэгдсэн. Энэ жил найман хувиар нэмэгдэж байна” гэв.