Трамп Канадыг АНУ-ын муж болгоно гэв
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп зул сарын баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог амбан захирагч гэж нэрлэж, хэрэв Канадын нутаг дэвсгэр АНУ-ын 51 дэх муж улс болбол канадчуудын татварыг 60 гаруй хувиар бууруулна гэж мэдэгджээ.
“Канадын амбан захирагч Жастин Трюдод Зул сарын баярын мэнд хүргэе. Түүний иргэдийн төлдөг татвар хэт өндөр байгаа, хэрэв Канад АНУ-ын 51 дэх муж болох юм бол тэдний татвар 60 гаруй хувиар буурч, бизнес нь хоёр дахин нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн ямар ч улсад байдаггүй бодлогоор хамгаалагдах болно” гэж тэрбээр “Truth Social” сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Д.Трамп мөн “Панамын сувгийг ихэд няхуур, “хууль бусаар” эзэмшиж буй Хятадын гайхамшигт цэргүүдэд” Зул сарын баярын мэнд хүргэе” гэж бичсэн байна. Түүнчлэн Гренландын иргэдэд Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлээд “үндэсний аюулгүй байдлын үүднээс тус арал нь АНУ-д хэрэгтэй бөгөөд нутаг дэвсгэрийнхээ бүрэлдэхүүнд байлгахыг хүсэж байна” гэжээ.
Д.Трамп өмнө нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог “агуу Канад муж улсын” амбан захирагч гэж нэг бус удаа нэрлэж байсан юм. Тэрбээр мөн Панамын сувгийг ашиглах одоогийн нөхцөлийг өөрчлөхгүй бол тус сувгийг АНУ-ын мэдэлд буцааж өгөхийг шаардаж магадгүй гэж мэдэгдсэнээс гадна Гренланд арлыг худалдан авна гэсэн юм.