Дүүжин тээврийг зургаан сар зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх дүрэмтэй
Цагт 1,200-1,500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг Яармагаас Сонгинохайрхан дүүргийн I хороолол хүртэл явуулах бөгөөд 4.2 км замын шугамыг угсрах ажил эхлээд байгаа. Уг төслийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр “2018 онд эхэлсэн дүүжин тээврийн төсөл үргэлжилж байна. Төслийн тоног төхөөрөмжийг Франц улсаас гаралтай байх шаардлагыг тавьж байгаа юм. Замын-Үүдийн боомтоор тоног төхөөрөмжүүд тус улсаас ирж байна. 2025 оны зургаадугаар сар гэхэд дүүжин тээврийн үндсэн цамхаг болон кабинуудыг угсарч дуусгана. Цамхаг, кабиныг угсарснаас хойш бүтэн зургаан сарын хугацаанд зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх дүрэмтэй. Хугацааг наашлуулж, ирэх оны есдүгээр сард улсын комисс дүүжин тээврийг хүлээж авч, ашиглалтад оруулах шаардлагыг тавьж байгаа” хэмээлээ.