Нидерланд улс Netflix-ийг 4.9 сая ам.доллароор торгожээ
Нидерландын Дата хамгаалах газраас Netflix компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар 4.9 сая ам.доллароор торгожээ. Тухайлбал, тус компанийг хэрэглэгчдийн цахим шуудан, утасны дугаар, банкны мэдээллийг цуглуулж ямар зорилгоор ашигладаг тухайгаа тодорхой мэдэгддэггүй хэмээн зарга үүсгэжээ.
Дата хамгаалах газраас уг асуудлаар Netflix компанийг 2019 оноос эхлэн шалгаж эхэлсэн. Улмаар хэрэглэгчид тэдний хувийн мэдээлэл юунд ашиглагдаж байгааг мэдэх боломжгүй байгаа нь тус улсын Дата хамгаалах тухай журмыг зөрчиж буй хэрэг болж байна хэмээн зарга үүсгэжээ.
Харин Netflix-ийн зүгээс “Бид тус байгууллагын шаардлагыг хүлээн авч хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж, ашиглах журамдаа нэмэлт өөрчлөлт оруулсаар ирсэн. Мөн уг журмыг олон нийтэд нээлттэй байлгадаг. Энэ шийдвэрийг хүлээн авахгүй” хэмээн мэдэгдсэн байна.