Реал Мадрид баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо
Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод Испанийн “Реал Мадрид” клубын хөлбөмбөгчид Мексикийн “Пачука” багийг 3:0 харьцаагаар хожсоноор Тив хоорондын цомыг хүртлээ.
Реалчуудаас К.Мбаппе /37 дахь минут/, Родриго /53/, Винисиус Жуниор /84 – торгуулийн цохилтоор/ нар гоол оруулсан байна.
“Реал” баг Аваргуудын лигийн тэмцээний ялагчийн хувиар Тив хоорондын цомын тэмцээний финалын тоглолтод оролцжээ. Харин “Пачука” баг Хойд ба Төв Америк, Карибын сав газрын улсуудын хөл бөмбөгийн холбооны /CONCACAF/ аваргууды цомыг хүртсэн тул Тив хооронды цомд ¼-ийн шигшээ тоглолтоос эхлэн оролцож, 3:0 харьцаагаар Бразилын “Ботафого” багийг буулган авсан байна. Дараа нь хагас шигшээд Египтийн “Аль-Ахли” багийг торгуулийн цохилтоор 6:5-ын харьцаагаар ялснаар финалд шалгарчээ.
Тив хоорондын цомын тэмцээн 2004 оноос хойш явагдаагүй юм. Энэ удаагийн тэмцээнд 7 баг оролцсон бөгөөд “Реал” 1960 онд анх удаа цомыг хүртсэнээс хойш дөрөв дэх удаагаа тус тэмцээнд түрүүллээ. Уругвайн “Насьонал”, “Пеньярол”, Италийн “Милан”, Аргентины “Бока Хуниорс” багууд тус бүр 3 удаа цомын эзэн болж байжээ.